|

Сар шинийн баяраар орон нутгуудад хийгдэх зохицуулалтууд ямар байх вэ?

Ковид-19-ийн мутацлагдсан шинэ хувилбар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс цар тахлын тархалтыг хумих зорилгоор 21 аймгийн Онцгой комиссын зүгээс шийдвэр гаргаж, ард иргэдээ эрсдэлээс хамгаалж байна. Аймгууд Сар шинийн баяраар омикроныг “дэлгэрүүлэхгүйн” тулд ямар арга хэмжээ авч буй талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Архангайн төрийн албан хаагчдын 50 хувь нь цахимаар ажиллана

Архангай аймгийн онцгой комисс өнгөрсөн даваа гарагт /2022.01.17/ хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан. Эдгээр шийдвэрүүдийг өчигдрөөс эхлэн дагаж мөрдөж буй юм. Үүнд,

-Бүх төрлийн баяр, тэмдэглэлт ойн үйл ажиллагаа, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, аялал зугаалга зохион байгуулахыг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 06.00 цагаас эхлэн түр хугацаагаар хориглов.

-Бүх төрлийн диско баар, караоке, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын үйлчилгээ, сургалтын төв, нийтийн халуун ус саун, бассейн, алжаал тайлах төв, ЕБС-ийн спорт заал, БТСГ-ын спорт заал, урлаг спортын уралдаан тэмцээн, баяр ёслол тэмдэглэх үйл ажиллагааг хязгаарлав.

-Хүнс, эм, усан хангамжаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээ, ресторан, цайны газрыг 10.00-18.00 цаг хүртэл хугацаанд ажиллуулах

-Аймаг, сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд, ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт алба хаагчдын 50 хувийг гэрээс нь цахимаар ажиллуулах, жирэмсэн эх болон 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг цахимаар ажиллуулах

-ЕБС-ийн сурагчдыг олон нийтийн болон бусад газраар зорчихыг хязгаарлав

-Аймгийн хэмжээнд зочид буудал, шашны үйл ажиллагаа, сүм хийд мөргөлийн газар, фитнесийн үйл ажиллагааг 2022 оны 1-р сарын 20-ны өдрөөс хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын тусгай шаардлагын дагуу сумын Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулах

-Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг 10.00-17.00 цаг хүртэл хугацаанд зөвшөөрөх

-Төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөлийн нэгдсэн золголт хийхгүй байх гэжээ.

Баян-Өлгий аймгийн ресторан, зоогийн газрууд 50 хувийн дүүргэлттэй ажиллана

Баян-Өлгий аймгийн онцгой комисс өнгөрсөн мягмар гарагт /2022.01.28/ хуралдаж, аймгийн хэмжээнд коронавируст халдварын тархалтыг улбар шар төвшинд шилжүүлэн, өнөөдрөөс /2022.01.22/ хэрэгжүүлэх дараах шийдвэрүүдийг гаргасан юм.

-Аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан бүх төрлийн баар, цэнгээний газрууд, сургалтын төв, үзвэр үйлчилгээ, халуун ус, сауны үйлчилгээ, шашны байгууллага, хүнсний зах, дэлгүүрээс бусад барааны зах, цэцэрлэгийн үйл ажиллагаа, цахим тоглоом, спорт заал, бие бялдууржих төв, амралтын газрууд, хурим найр болон бусад баярыг гэрийн нөхцөлд явуулах болон соёл урлагийн үйл ажиллагаануудыг хориглолоо.

-Хурал цуглаан, ресторан, зоогийн газрууд гэх газруудын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй ажиллуулах шийдвэр гаргалаа.

Баянхонгор аймаг Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалав

Баянхонгор аймгийн онцгой комиссоос энэ сарын 17-нд уриалга гаргасан. Монгол түмний уламжлалт баяр болох Сар шинийн баяр тун удахгүй тохиох гэж байна. Хэдийгээр Улсын онцгой комиссоос ямар нэгэн хязгаарлалт хийхгүй гэдгийг мэдэгдсэн ч коронавируст халдварын эрсдэл хаа сайгүй байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж буй.  Түүнчлэн мал амьтны гаралтай гоц халдварт шүлхий өвчний голомт аймгийн нутаг дэвсгэрт дахин  дахин гарч байгаа тул  хүн, мал амьтны гоц халдвараас урьдчилан сэргийлж, эрсдэлээс хамгаалахад иргэн Та бид бүхний ухамсарт оролцоо нэн чухал юм. “Цагаан сар”-ын баяраар сум, аймаг, хот руу золголтоор зорчихгүй мөн гаднаас хүмүүс хүлээн авахгүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийн Онцгой комиссоос нийт ард иргэдэд уриалсан юм.

Булган аймаг: Шийдвэр гараагүй

Говь-Алтай аймаг: Спорт заал, фитнесс, сүм хийд 50 хувийн дүүргэлттэй ажиллана

Говь-Алтай аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 19-26-ны хооронд спорт заал, фитнесс, усан бассейн, сүм хийдийн үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр 10.00-20.00 цагийн хооронд ажиллуулахаар болжээ. Мөн нийтийн хоол үйлдвэрлэлийн газар, ресторан, зоогийн газруудын үйл ажиллагааг 10.00-22.00 цагийн хооронд, баар караоке, пабын үйл ажиллагааг 10.00-20.00 цагийн хооронд явуулахыг тус тус зөвшөөрч, 22.00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо.

Говьсүмбэр аймаг олон нийтийн арга хэмжээ зохион  байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов

Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Г.Батзам захирамж гаргаж “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн арга хэмжээ зохион  байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов. Тодруулбал, олон нийтийг хамарсан сургалт, семинар, хурал, урлаг соёл, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх, албан байгууллагууд ажилтнуудаа зайнаас болон цахимаар ажиллуулах, ээлжийн хуваарьт оруулахыг үүрэг болголоо.

Дархан-Уул аймагт шашин сүм хийдийн байгууллага цахим хэлбэрт шилжив

Өчигдөр /2022.01.20/-өөс эхлэн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа / хурал зөвлөгөөн, соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хурим найр, цайллага хүлээн авалт/ -г түр хугацаагаар хязгаарлалаа. Мөн Шашин сүм хийдийн байгууллага цахим хэлбэрт шилжин ажиллуулахаар болжээ. Хот хоорондын замын хөдөлгөөнд хязгаарлалт тавиагүй бөгөөд ААНБ-уудын бизнесийн аливаа үйл ажиллагаанд хязгаарлалт хийгээгүй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчих бол хүсэлт авч нэвтэрнэ

Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргасан. Үүнд, нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан соёл урлаг, биеийн тамир, үзвэр үйлчилгээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, цайллага, хүлээн авалтын арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Дорноговь аймгаас гарах хөдөлгөөнд хязгаарлалт тавиагүй бөгөөд Улаанбаатар-Замын-Үүд чиглэл рүү зорчих иргэд хүсэл авч нэвтрэх юм. Мөн Замын-Үүд сум руу орох, гарах дөрвөн цэгт цагдаагийн байгууллагаас пост гаргажээ.

Дорнод аймагт худалдаа, үйлчилгээний байгууллагууд 22.00 цаг хүртэл ажиллана

Дорнод аймгийн онцгой комисс нэгдүгээр сарын 11-нд хуралдаж зарим төрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг нэгдүгээр сарын 12-27-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна. Мөн энэ хугацаанд соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг хязгаарлажээ. Харин худалдаа, үйлчилгээний байгууллагыг 22.00 цаг хүртэл ажиллуулах, Сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалжээ.

Дундговь аймаг хоёрдугаар сарын 15-ныг дуустал олон нийтийн арга хэмжээг хориглолоо

Дундговь аймгийн Онцгой комиссын 2022 оны нэгдүгээр сарын 18-ны хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан. Үүнд,

-Аймгийн хэмжээнд 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд олон нийтийг хамарсан бүх төрлийн уралдаан, тэмцээн, урлаг соёл, хурим найр, хүлээн авалтын арга хэмжээг хориглох

-“Сайжруулагч” хэмээх усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан нийтийг хамарсан золголтын арга хэмжээг хориглох

-Хурал цуглаан, сургалт семинарыг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр, коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 3, 4-р тунгийн хамрагдалт, шинжилгээний хариуг харгалзан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах

-Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний эрсдэл өндөр байгаа тай холбогдуулан отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

-Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.

Завхан аймаг Сар шинийн баярыг угтсан болон тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахгүй

Завхан аймгийн Онцгой комисс нэгдүгээр сарын 13-нд хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан. Тодруулбал,

-Олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын болон сургалт, зөвлөгөөн, хурал цуглааны үйл ажиллагааг 2022 оны 1 сарын 14-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх

-Төрийн байгууллагууд Сар шинийн баярыг угтсан болон тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахгүй байх

-0-5 настай хүүхэдтэй эцэг, эх, жирэмсэн албан хаагчийг цахимаар ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх

– “Цагаан сар”-ын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, нэг дор олноороо цуглаж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй байхыг уриаллаа.

Орхон аймаг шаардлагагүй тохиолдолд ажиллагсдыг гадаад улсад зорчихгүй байхыг анхаарууллаа

Орхон аймгийн онцгой комисс нэгдүгээр сарын 12-нд хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан. Үүнд,

-Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдсэн золголтын үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх

-Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх

-Албан байгууллага зохицуулалт хийж, цахимаар ажиллуулан, ээлжийн хуваарьт оруулж ажиллах

-Олон нийтийг хамарсан сургалт, хурал, зөвлөгөөн, семинар арга хэмжээг халдвар хамгааллын дэглэм баримтлан танхимын 50 хувь дүүргэлттэйгээр зохион байгуулах

-Задгай талбайд зохион байгуулагдахаас бусад тэмцээнийг хоёрдугаар сарын 15-ны хүртэл хориглох

-Ажлын байрны нягтралыг багасгах

-Шаардлагагүй тохиолдолд ажиллагсдыг аль болох гадаад улсад зорчуулахгүй байх, зорчсон бол тусгаарлалтын дэглэмийг мөрдүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Өвөрхангай аймаг олон нийтийн арга хэмжээг хоёрдугаар сарын 20-ныг хүртэл хязгаарлав

Өвөрхангай аймгийн Онцгой комисс 2022 оны нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, Сар шинийн баяртай холбоотойгоор дараах шийдвэрүүдийг гаргасан юм. Үүнд,

-Төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүдийг Цагаан сарын нэгдсэн золголт хийхийг хориглох

-Олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, хурал цуглааныг танхимаар зохион байгуулахыг 2 дугаар сарын 20-ныг хүртэл хязгаарлах

-Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, сумдын Засаг дарга нарт ажилтан, албан хаагчдаа бүтэн бус цагаар болон цахимаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах

-Сар шинийн золголтыг уламжлалт ёс заншлаа хүндэтгэн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг үүрэг болголоо.

Өмнөговь аймаг 0-11 насны  хүүхдүүдийг олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний газруудаар авч явахыг хориглолоо

Өмнөговь аймгийн онцгой комисс өчигдөр /2022.01.20/ хуралдаж, дараах асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд,

-Сар шинийн баярыг өргөн хүрээнд биш гэр бүлийн хүрээнд тэмдэглэх /Баярын үеэр айл хэсэхгүй байх, гэртээ зочин урихгүй/

-Олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, спортын тэмцээн уралдааныг 2-р сарын 15-ныг хүртэл зохион байгуулахыг хориглох

-Хүүхдүүдийг хамруулж буй бүх төрлийн секц, дугуйланг халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэх, заалыг 50 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа эсэх  дээр хяналт тавих ажлын хэсгүүдийг байгуулж ажиллах

-Сумдад гарч байгаа халдварын тохиолдол харилцан адилгүй байгаа тул сумдын ОК-ын дарга нар өөрийн сумын нөхцөл байдалд тохирсон, халдварыг багасгах тархаахгүй байх арга хэмжээг авч ажиллах

-Бага насны хүүхдүүдийн томуу болон ковидын халдварын тохиолдол их гарч байгаагаас үүдэн 0-11 насны  хүүхдүүдийг олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний газруудаар авч явахыг хориглох зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталлаа.

Сүхбаатар аймаг төрийн албан хаагчдын 50 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулна

Сүхбаатар аймгийн онцгой комисс 2022 оны нэгдүгээр сарын 18-нд хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан юм. Үүнд,

-2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл   аймгийн хэмжээнд төрийн байгууллага, хуулийн этгээдийг бүх төрлийн баяр ёслол, сар шинийн битүүлэг, нэгдсэн золголт, тэмдэглэлт ой,  олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглох.

-Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын эмнэлзүйн  шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнд заавар зөвлөгөө өгч байнгын хяналтад байлган түргэвчилсэн оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган, эмнэлэг дэлгэх үйл ажиллагааг зохион байгуулахыг сумдын Онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарт үүрэг болгох.

-Төрийн албаны тасралтгүй байдлыг ханган, албан хаагчдын 50 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэн, хүний нөөцийн хомстолд орохоос урьдчилан сэргийлж ажиллахыг мэргэжлийн чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас бусад байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг болгох.

-Аймаг, сумдын Онцгой комисс, холбогдох мэргэжлийн  байгууллагаас өгч буй заавар,  зөвлөмжийг чанд мөрдөж, маск тогтмол зүүх, иргэд хоорондын зайг чанд баримтлах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байж, цагаан сарын баяраар зочин урихгүй гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэн нэмэлт тунгийн вакциндаа идэвхтэй хамрагдахыг нийт иргэдэд зөвлөж мэдээллээр хангаж ажиллахыг сумдын Засаг дарга болон  холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл болгожээ.

Сэлэнгэ аймаг: Шийдвэр гараагүй

Төв аймаг тодорхой шийдвэр гаргаагүй байна

Төв аймгийн Онцгой комисс нэгдүгээр сарын 11-нд хуралдаж, сум орон нутгийн хэмжээнд олон нийтийг хамарсан бүхий л арга хэмжээг 20 хүртэлх хүнийг хамруулан зохион байгуулах шийдвэр гаргасан. Гэвч 10 хоногийн хугацаатай гаргасан шийдвэрүүдийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Увс аймагт өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа хориглов

Увс аймгийн Онцгой комисс 2022 оны нэгдүгээр сарын 11-нд хуралдаж, Увс аймгийн Засаг дарга дараах захирамж гаргажээ.

-Хүнс, барааны зах, дэлгүүр, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00 цагаас 18:00 цаг хүртэл, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00 цагаас орой 22:00 цаг хүртэл ажиллах цагийн хязгаарлалтыг тогтоосугай.

-Уламжлалт Сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөл, хамт олны золголтыг зохион байгуулахгүй байхыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

-Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдад ажлын байранд халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажилтан, алба хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт зөвшөөрсүгэй.

Үйл ажиллагааг нь хязгаарлах аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт

-Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, соёл урлагийн арга хэмжээ, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, тэмдэглэлт ой, хүлээн авалт

-Цас, мөсний баяр, аялал зугаалга

-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-Танхимын сургалт, семинар, давтлага

Ховд аймаг хоёрдугаар сарын 7-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээг хориглолоо

Ховд аймгийн Засаг дарга 2022 оны нэгдүгээр сарын 14-нд захирамж гаргасан. Үүнд, Спорт, соёл урлаг, тэмцээн уралдаан, сургалт болон лон нийтийг хамарсан арга хэмжээг нэгдүгээр сарын 15-наас эхлэн хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хугацаанд танхмаар зохион байгуулахыг түр хориглосон. Мөн аймгийн комисс нэгдүгээр сарын 12-нд хуралдаж, Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгосон байна.

Хөвсгөл аймагт олон нийтийн арга хэмжээг хориглоогүй

Хөвсгөл аймгийн шуурхай штаб 2022.01.14-нд хуралдаж, Цагаан сарыг нийтээр тэмдэглэхгүй, зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэн өнгөрүүлэхийг иргэд олон нийтэд уриалсан. Мөн бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн зөвлөлийн болон хамт олны золголт хийхгүй байхыг байгууллагын захирал, дарга нарт үүрэг болгосон. Уралдаан тэмцээн, урлаг спорт, хурал зөвлөгөөн сургалтыг зохион байгуулахдаа аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авч, заал дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байх, вакцинжуулалтын нэмэлт тундаа хамрагдсан эсэхийг нягтлан, баримтжуулж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллахыг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгасан юм.

Хэнтий аймаг хоёрдугаар сарын 20-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээг хориглолоо

Хэнтий аймгийн Онцгой комисс 2022 оны нэгдүгээр сарын 19-нд хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан. Үүнд,

-Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх

-Сар шинийн баярыг тохиолдуулан нийтийг хамарсан бүх төрлийн золголтын арга хэмжээг хориглох

-Нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын арга хэмжээг хориглох

-Шашин, сүм хийдийн үйл ажиллагаа, хурал, зөвлөгөөн, сургалтыг цахим болон танхимын 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж, дархлаа сэргээх нэмэлт 3 дугаар тунд хамрагдсан байх

-Коронавируст халдвараар батлагдсан өвчтөнд заавар зөвлөгөө өгч, байнгын хяналтад байлган түргэвчилсэн оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж, тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах

-Төрийн байгууллагуудын 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд (ганц бие эцэг) гэрээс ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг бүрэн тооцож олгох

-Мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл өндөр байгаатай холбогдуулан отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн, морин уралдаалга, адуучин тэмцээн зэргийг хориглон түүнд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *