|

Туркийн сэтгүүлч тус улсын ерөнхийлөгчийг доромжилсон зүйр үг хэлснийхээ төлөө баривчлагджээ

Туркийн сэтгүүлч Сэдэф Кабашийг өчигдөр 02.00 цагт баривчилжээ. Тэрээр мэдүүлэгтээ “Надад Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоганыг доромжлох зорилго байгаагүй” гэсэн байна.

Прокурор түүнийг зугтах, нуугдах магадлалтай гэж үзсэн тул шүүхэд баривчлах хүсэлт гаргажээ.

Сэтгүүлч телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо “Титэм зүүсэн хүн ухаан суудаг гэж үг бий. Гэвч өнөө цагт энэ зүйр үг худлаа болохыг бид харж байна. Энэ зүйр үгний  эсрэг нь ч бий. Гэхдээ  би хэлэхгүй. Мал ордонд ороод хаан болохгүй. Харин тэр ордон малын хашаа болно” гэж ярьжээ.

Туркийн сэтгүүлч зүйр үг хэлснийхээ төлөө баривчлагджээ

 

Үүний дараа тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хянадаг байгууллагаас сэтгүүлчийг шалгаж эхэлсэн байна. Мөн тус улсын Хууль зүйн сайд “Сэтгүүлч энэ үгээрээ Ерөнхийлөгчийг онилсон нь тодорхой байна. Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулийн үр дүнд томилсон. Олон нийт болон хууль энэ үгний хариуг барьж, зохих шийтгэлийг өгнө” гэжээ.

Мөн Ерөнхийлөгчийн хэвлэлийн зөвлөх, тус улсын Харилцаа холбооны сайд нар сэтгүүлчийг буруутган, Ерөнхийлөгчийн хувь хүний нэр хүнд, албан тушаал руу дайрсан нь хүлээн зөвшөөрөх аргагүй, үзэн ядалтын шинжтэй, ёс зүйгүй байна. Нийт Турк үндэстнийг ч доромжиллоо гэх мэтээр жиргэжээ.

Харин тус улсын сэтгүүлчдийн байгууллага, сөрөг хүчний удирдагчид сэтгүүлчийг нэн даруй суллахыг шаардаж, эрх баригчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна гэжээ.

Туркийн Ерөнхийлөгчийг доромжилсон хэмээн сэтгүүлчийг хорив

 

 

2014-2020 оны хооронд тус улсад Ерөнхийлөгчийг доромжилсон хэмээн прокурорууд 160 мянган хэргийг шүүхэд шилжүүлжээ. Харин энэ хугацаанд Захиргааны 35 мянган хэргийг прокурорууд шалгасан байна.

Эх сурвалж: BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *