Нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар 94 хувьтай биелжээ. 2021 онд нийслэлийн хэмжээнд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн өмчид бүртгэх, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Иргэдийг байнгын 53 цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулж байна
Коронавирусийн халдварын тоо нэгдүгээр сарын 19,20-ны өдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ удаагийн давалгаанд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна.
Нийслэлийн хэмжээнд вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн хүрэлцээ хангалттай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэлдээ онцоллоо. Өрхийн эмч нар багцын эмчилгээг 3 болон 5 хоногоор өгч байгаа гэлээ. Багцын хувьд хүрэлцээтэй байгаа аж.