С.Бямбацогт: Иргэдийнхээ хувийн орон зай, мэдэх эрхийг хамгаалсан чуулган боллоо

УИХ-ын  2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд ямар ажил амжуулсан талаараа мэдээлэл өгч, хэвлэлийн хурал хийлээ.

Намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо дангаараа 13 удаа, Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтарч 3 удаа, нийт 16 удаа хуралдаж, 40 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн байнгын хорооны хуралдаанаар 91 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгүүд 39 удаа хуралдаж, 12 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

Батлуулсан онцлох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн талаар ХЗБХ-ны дарга С.Бямбацогт мэдээлэл өгсөн.

Нэг. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн талаар

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасны дагуу хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал гэдгийг Та бүхэн мэдэж байгаа.  Гэхдээ бид нэг зүйлийг сайтар анхаарах нь чухал юм. Өөрөөр хэлбэл хуулийг шинээр болон шинэчлэн батлахдаа өмнөх зохицуулалтыг нь ямагт сайжруулж байх ёстой юм.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг манай улс 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр батлан хэрэгжүүлж ирсэн. Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, төсөв, санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал гэсэн хүрээнд мэдээллийг нээлттэй байлгахаар заасан хэдий ч төрийн байгууллагууд мэдээллийг харилцан адилгүй тавьдаг, зарим мэдээллээ албан нууц гэсэн тамга даран иргэд, олон нийтээс хаадаг гэх мэт асуудлууд гарсаар байсан. Ийм учраас үүнийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Мэдээллийг байгууллагууд өөрийн үзэмжээр байгууллагын нууцад мэдээлэлд оруулдаг асуудал байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилахаар зохицуулсан. Ингээд нээлттэй байх мэдээллийг хэн ч хаах эрхгүй болгосон. Тодруулбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нээлттэй байхаар заасан мэдээллийг албаны нууцад хамааруулж болохгүй гэж хоёрдмол утгагүй хуульчилсан. Түүнчлэн 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод, нээлттэй байлгаж, үргэлжийн шинэчилж байх үүргийг мэдээлэл хариуцагчид олгосон.

Эдгээр 68 төрлийн мэдээлэл Монгол Улсын 3 сая 300 мянган иргэнд нээлттэй болохоор хүн өөрийн ажлаа, зорилгоо тодорхойлох үр өгөөж нь иргэн хүнд ирэх юм.

Тухайлбал, төрийн байгууллагууд ажлын байрны сул орон тоогоо нээлттэй мэдээлэх, тендерт шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаанаа нээлттэй байлгах, улсын зардлаар сургасан оюутны мэдээлэл, барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт гэх мэт 5 төрлийн 68 мэдээлэл нээлттэй ил тод байж иргэдэд үр өгөөжөө өгөх юм.

Харин гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл, нээлттэй байлгах нь соёлын хосгүй үнэт өвд аюул учруулж болзошгүй мэдээллийг хязгаалалттай мэдээлэлд оруулахаар заасан. Та бүхэн нэг зүйлд гайхаж магадгүй яагаад төрийн хяналт шалгалтын мэдээлэл хязгаарлалтай байгаа юм бэ гэж. Төрийн хяналт шалгалтын явцад төрийн нууцтай ч холбоотой асуудал хөндөгддөг ийм учраас шалгалтын явцад хязгаарлалттай байх бөгөөд харин шалгалт дууссаны дараа бол шалгалтын дүн гэх мэт асуудал нь иргэдэд нээлттэй ил, тод болно.

Саяны миний дурдсан асуудлууд бол иргэд мэдээлэл авах талаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг баталгаажуулсан зохицуулалт юм. Тэгвэл нэгэнт авсан мэдээллийг хэрхэн устгах, хэрхэн өөрчлөх талаар мэдээллийн эзний эрхийг хамгаалж өгсөн.

Бас нэг чухал өөрчлөлт бол төр өөрт байгаа мэдээллээ иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй. Ингэснээр төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хүнд суртал гаргадаг байдлыг таслан зогсооно гэж харж байгаа. Тодруулбал, нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байхаар заасан.

 

Хоёр. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.

Энэ эрхийг баталгаажуулах зорилгоор Улсын Их Хурлаас Хувь хүний нууцын тухай хуулийг 1995 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр баталсан. Энэ хууль нь тухайн цаг үедээ үр өгөөжөө өгсөн хэдий ч орчин үеийн техник, технологийн дэвшил, иргэд олон нийтийн харилцаа хандлагаас шалтгаалан заавал өөрчлөх нөхцөл бий болсон. Түүнчлэн хэтэрхий ерөнхий зохицуулалттай учраас хэрэгжүүлэх явцад бэрхшээл гарсаар байсан. Тухайлбал хүний хувийн нууцыг эрүүл мэнд, захидал харилцаа, гэр бүл, хөрөнгө, хуулиар тогтоосон бусад нууцыг хувь хүний нууц байхаар заасан бөгөөд хуулиар зохицуулаагүй хувь хүний нууцтай холбоотой олон асуудал нууц биш юм шиг зохицуулалтгүй байсан.

Түүнчлэн хувь хүн нууцаа өөрөө хамгаалахыг үүрэгжүүлж байсан. Өөрөөр хэлбэл хүний хувийн нууцыг мэдсэн этгээд нууцыг нь давхар хамгаалдаг зохицуулалт дутмаг байсан. Үүнийг хуулийн шийдвэрлэсэн.

Хууль батлагдсанаар хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийгболон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хүний хувийн мэдээлэл гэж тодорхойлсон.

Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл мэдээллийг хэрхэн ашиглах, юунд ашиглах гэх мэт зорилгоо мэдээллийн эзэнд заавал мэдэгддэг байхаар зохицуулсан. Түүнчлэн мэдээллийн хэрхэн цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг нарийн тодорхой хуульчилсан.

Би дээр дурдсанчлан хуучин хуулиар хувь хүн нууцаа өөрөө хамгаалдаг байсан бол шинэчилсэн найруулгаар хүний хувийн мэдээллийг хувь хүнээс гадна ажил үүргийн хувьд мэдсэн мэдээлэл хариуцагч давхар хамгаалдаг байхаар зохицуулсан. Түүнчлэн мэдээллийн эзний болон мэдээлэл хариуцагчийн эрх үүргийг маш тодорхой зохицуулсан.

Энэ хуультай холбогдуулан сэтгүүлчид мэдээлэл гаргах эрхгүй боллоо гэх мэт шүүмжлэл гарсан. Өргөн мэдүүлсэн төслөөр сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно гэж орж ирсэн. Үүнийг сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулахад заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авах шаардлагагүй гэж өөрчлөн батлуулсан. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийн хардаад байсан асуудлыг зохицуулсан гэсэн үг.

Хүний хувийн мэдээллийг алдсан, халдсан бол оногдуулах ялын бодлого нь чанга байх ёстой гэж Байнгын хорооноос үзэн Эрүүгийн хууль дахь ялын бодлогыг чангатгаж хорих ялын хэмжээг нэмэгдүүлсэн. Хүн бүрийн хувийн орон зайг хамгаалах бол төрийн үүрэг. Ийм ч учраас дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах зорилгыг тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл зөвхөн нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын хөдөлгөөний мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, түүнд дүн шинжилгээ хийх зорилгоор л камер байршуулахыг зөвшөөрсөн.

Гурав. Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар

Цахим гарын үсгийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан. Өөрөөр хэлбэл яг 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд нийт 30399 тоон гарын үсгийн гэрчилгээг иргэн, хуулийн этгээдэд олгосон байна. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд маш чамлалттай үзүүлэлт гарч байгаа юм. Эдгээр 30 гаруй мянган гарын үсэг бол ерөөс тендерт орох зорилгоор л хуулийн этгээдүүд авсан байна. Ийм ч учраас тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх төрийн байгууллага, иргэд хоорондын өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн нэвтрүүлэх шаардлага бий болоод байна.

Цаашид иргэд, хуулийн этгээд гэрээ хэлцэл хийх, иргэд төрийн байгууллагад заавал биечлэн ирэхгүй өргөдөл гомдлоо цахимаар гаргахдаа тоон гарын үсгээ ашиглан цаг зав, мөнгө хөрөнгөө хэмнэр гэх мэт олон талын үр өгөөжөө өгөх болно. Улсын бүртгэлийн байгууллага 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүрд нэг удаа үнэ төлбөргүй тоон гарын үсэг олгохоор зохицуулсан. Харин 5 жил тутам тоон гарын үсгийн хугацааг сунгах юм.

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар

Монгол Улсын Үндсэн хуульд заасан суурь зарчмуудын нэг бол хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх явдал юм. Өөрөөр хэлбэл хууль эрх мэдэлтэй, албан тушаалтан болон эрх мэдэлгүй хэн нэгэнд ч ялгаваргүй нэгэн адил үйлчлэх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт буцаах шүүхийн шийдвэрт зөвхөн яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд тухайн хэргээс хохирсон хохирогч тал гомдол гаргах эрхгүй байсан. Үүнийг өөрчилж хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь гомдол гаргах эрхтэй байх зохицуулалтыг хуульд орууллаа.

Монгол Улсын Их Хурал парламентийн ардчиллыг бэхжүүлэх, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, шүүхийн хараат бус шүүгчийн бие даасан байдлыг бэхжүүлэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тодруулбал, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог шинээр байгуулахаар зааж, шүүгчийг шилж олох чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг, чиглэлийг тодотгосон. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг амилуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн баталсан.

Манай улс 1993 онд шүүхийн захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулснаас хойш зарим байгууллагын харьяа ч юм шиг хавсарга ч юм шиг үе байсан бөгөөд энэ бүрд алдаа дутагдал, асуудал шүүмжлэл дагуулсаар ирсэн. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдвэрлэж орон тооны 10 гишүүнтэй байхаар заан шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах улс төр, эдийн засаг, нийгмийн баталгааг хангасан.

Урд өмнө нь зөвхөн хэдхэн дарга нарын хүрээнд яригдаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг томилчихлоо гэж харддаг байсан бол энэ асуудлыг бүрэн шийдсэн. Өөрөөр хэлбэл өөрийгөө тухай ажлыг хийх бололцоотой гэж үзсэн хэн бүхэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх нь нээлттэй болсон.

Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүнийг оролцогчоор бүртгэн, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг www.parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатын хүрээнд зохион байгууллаа гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *