Дуучин Ник Жонас, жүжигчин Приянка Чопра тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болжээ
2018 оны арванхоёрдугаар сард Энэтхэгт хуримаа хийсэн дуучин Ник Жонас, жүжигчин Приянка Чопра нар баасан гарагт инстаграм хуудаснаа хамтарсан мэдэгдэл хийж анхны хүүхдээ тээгч эхийн тусламжтайгаар өлгийдөн авсан гэжээ.
“Бид тээгч эхийн тусламжтайгаар хүүхдээ өлгийдөн авсандаа туйлын их баяртай байна. Энэ онцгой цаг үед бид зөвхөн гэр бүлдээ анхаарал хандуулж байгаа учир бидний хувийн орон зайд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсье” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
39 настай Чопра Жонас “Миний амьдралын хамгийн чухал үйл явдал сүүлийн гурван жилд өрнөлөө. Нүд ирмэхийн зуур мэт хурдан байсан ч насан туршийн мэт нэгэн зэрэг мэдрэмж төрүүлж байна” гэж бичжээ.
Мөн 29 настай Жонас ирээдүйн сүйт бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа “Tiffany&Co” брэндийн том очир эрдэнийн бөгж бэлэглэсэн сүйн өдрийн зургаа “Гурван жилийн өмнө өнөөдөр” хэмээх тайлбартайгаар нийтэлжээ.
2021 онд жүжигчин бүсгүй Чопра алдарт Опра Уинфригийн ток шоуны үеэр тэдний харилцаа хэрхэн эхэлсэн талаар анх удаа ам нээсэн юм.
Тэд анх хоёр биедээ сээтгэнэсэн бичвэрүүд солилцож эхэлсэн гээд Чопра “Би магадгүй номыг эхлээд хавтсаар нь дүгнэсэн байх. Ник над руу зурвас бичиж эхлэхэд би тийм ч сүртэй хүлээж аваагүй. Учир нь тухайн үед 35 настай байсан би гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсэж байсан. Харин Ник 25 настай, тэр үүнийг хүсэж байгаа эсэхийг би мэдэхгүй байв” гэжээ.
Гэвч Чопра Жонастай анх удаа болзоод өмнө нь уулзаж байгаагүй тэс өөр хүнтэй учирснаа мэдсэн гэв. “Тэр үнэхээр өөртөө итгэлтэй, мэдрэмжтэй нэгэн. Миний амжилт, мөрөөдөл, хүсэл тэмүүллийг үргэлж дэмжиж, миний өмнөөс маш их баярладаг” хэмээн Чопра нөхөр Никийг магтжээ.
Эх сурвалж: Today