Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангажээ
Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нээлт өнөөдөр болно. Нээлтэд оролцохоор “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд анхны тэсэлгээг хийхээр Өмнөговь аймагт очсон.
Нээлтийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар хамтарсан мэдэгдэл хийхээр товложээ.
Гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх хүрээнд огтлох малталтын түвшин болон олборлолтын түвшний бэлтгэл, тэсэлгээ хийхээс өмнөх техникийн бэлэн байдлыг бүрэн хангажээ. Мөн олборлолтыг эхлүүлэхэд шаардлагатай 100 орчим километрийн нэвтрэлтийн ажлын хийсэн байна.
Огтлох малталтын зөвшөөрлүүд гарч, үйл ажиллагааг эхлүүлснээр ирэх наймдугаар сараас хүдэр олборлож эхлэх аж.
Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж, бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, Монгол Улсын эдийн засаг, улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ гэж тооцож байгаа.
“Оюутолгой” ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.