“Хөгжлийн банкыг хувааж идэх эхлэлийг Н.Алтанхуяг тавьсан”
Хөгжлийн банкны чанаргүй зээл тус банкны 55 хувийг эзэлж байгаа асуудал сүүлийн үед хэвлэл бүрд цацагдах болсон. Жишээлбэл БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн зээл аван, чанаргүй зээлдэгчдийн жагсаалд орсон мэдээллийг олон нийтэд дэлгэсэнд бухимдсан сайд асан Ё.Отгонбаяр нэр бүхий сэтгүүлчдийг “Чамайг олж ална” гэж заналхийлсэн. Энэ асуудал намдаж амжаагүй байхад тус банкны үйл ажиллагаа хэзээнээс доголдож эхэлсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн байр сууриа твиттерт илэрхийлжээ.
Тэрбээр “Хөгжлийн банкыг хувааж идэх эхлэлийг тус банкыг удирдаж байсан гадаадын багийг хөөж явуулсан Н.Алтанхуяг тавьсан юм. Түүний дараа мэддэг нь мэдээгүй юм шиг, сонссон нь сонсоогүй юм шиг явж ирсэн. Цэгцлэх ажил харин Хөгжлийн банк 2020 оны хавар Сангийн яамны харъяанд ирж байж эхэлсэн юм” гэжээ.