86-Р БАЙРНЫ СӨХ: Лифт засах гээд гадуур ажилтай явж байна
Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр гурван настай бяцхан хүүхэд 7 давхрын эвдэрхий лифтний хаалгаар унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Тус хэрэг Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах “Хаан суудал” 86-р байранд болжээ. Аав, ээжтэйгээ дэлгүүр орчхоод гэрлүүгээ орж явсан бяцхан хүү томчуудын хайхрамжгүй байдал, эцэс төгсгөлгүй шуналын золиос болж харамсалтайгаар амь насаа алдлаа. Энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ….
Биднийг 86-р байранд очих үед хүний хөдөлгөөн нам гүм байлаа. Хүүгийн унаж амиа алдсан 7 давхрын лифтний урд хамгаалалтын тууз татаж, зул өргөжээ.
Тус хэрэгт хариуцлага нэхэхээр бид байрны оршин суугч болон СӨХ-ийн ТУЗ-ийн дарга нартай холбогдож тайлбар авлаа.
ОРШИН СУУГЧ: ЛИФТ ЗАСАХАД 45 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН ЮМ БАЙНА ЛЭЭ
СӨХ-өө ажил хийхгүй, лифт засахгүй удаан хугацааг өнгөрөөж байгааг хараад зүгээр сууж чадалгүй, өөрөө санаачлан байрныхаа оршин суугчдаас 30 мянган төгрөг цуглуулж лифт зассан гэх иргэнтэй холбогдлоо.
Тэрбээр энэ байрыг анх ашиглалтад ороход нь худалдан авчээ. Харин одоо тус байранд түүний хүүхдүүд амьдардаг аж. Эх сурвалжаас, өчигдөр болсон аймшигтай хэргийн талаар асуух төдийд л “Цэцэгээ авгайгаас болж ийм аймшигтай хэрэг боллоо” гэж бухимдангуй хэлж байв.
н.Цэцэгээ гэх эмэгтэй 86-р байрны СӨХ-ийн төлөөлөн удирдах зөвлөлд олон жил ажиллаж байгаа аж.
СӨХ нь ажлаа хийхгүй, байрны лифт зунаас хойш эвдэрхий байгаа учраас оршин суугчид хуралдаж, н.Жамьян гэх залууг СӨХ-ийн дарга болгох санал гаргажээ. Гэвч одоо СӨХ-ийн ТУЗ-д ажиллаж байгаа н.Цэцэгээ гэх эмэгтэй тамга тэмдгээ хүлээлгэж өгөхгүй байгаа гэнэ. Энэ талаар эх сурвалж хэлэхдээ “Байрны маань лифт ажиллахаа болиод удаж байна. н.Золбоо гэх залуу СӨХ-ийн ажилчин юм шиг байсан. Гэхдээ тэр залуугийн ард н.Цэцэгээ гээд тэтгэвэрт гарсан эмэгтэй байдаг юм шиг. Байрны ажил нэг л урагшилж өгөхгүй, лифт ч ажиллахгүй удсан болохоор манай байрны оршин суугчид хуралдаад н.Жамьян гээд залууг даргаар ажиллуулахаар санал нэгдсэн юм. Гэтэл энэ Цэцэгээ гээд эмэгтэй тамга тэмдгээ ч өгөхгүй, хэл ам хийгээд яваад байгаа.
Манай байрны лифтийг хүн зорчих боломжгүй гээд өнгөрсөн жил актласан. Түүнээс хойш оршин суугчид лифт засуулах гэж олон удаа санал хэлж, гомдол гаргаж байсан. Уг нь лифтийг засах ажилд 45 сая төгрөгийг төсөвлөсөн юм байна лээ. Одоо юу болж байгааг нь мэдэх юм алга. Энэ урагшгүй ажил, өөрийн ашиг сонирхлоо бодсон томчуудын балгаар аймшигтай хэрэг боллоо” гэлээ.
СӨХ: ЛИФТ ЗАСАХ ГЭЭД ГАДУУР АЖИЛТАЙ ЯВЖ БАЙНА
Оршин суугчаас авсан мэдээллийн дагуу 86-р байрны СӨХ-тэй холбогдож хэргийн талаар болон СӨХ-ийн үйл ажиллагааны талаар тодруулах гэсэн боловч тайлбар өгөх хүн олдсонгүй.
Утсаар тодруулахад “Өчигдөр болсон хэрэгтэй холбогдуулаад цагдаагийн байгууллагад өгөх мэдээллээ бүгдийг нь өгсөн. Одоо лифтэндээ засвар хийх гээд гадуур ажилтай явж байна.
Тамга тэмдгээ өгөхгүй байгаа гэсэн асуудал байхгүй. Би энэ байрыг өнгөтэй өөдтэй явуулахын тулд бүхий л чадлаараа зүтгэж байгаа хүн. Байрны оршин суугчид юугаа мэдхэв дээ, муу архичид солиорч байгаа юм” гэж хэлээд утсаа салгав.
Уг нь хэрэг явдал болсны дараа хариуцлага хүлээх хэн нэгнийг хайх биш, хэрэг болохоос өмнө болгоомжилж, эрсдэлийг тооцоолж, ажлаа хариуцлагатай сэтгэлтэй хийдэг баймаар. Томчуудын эцэс төгсгөлгүй шунал, хариуцлагагүй байдлаас болж аав, ээжтэйгээ жаргалтай гэгч нь инээж явсан гуравхан настай бацхан үр харамсалтайгаар хорвоог орхилоо.
Эх сурвалж: Zindaa.mn