“Лифтийг ашиглагч байгууллага нь хариуцан эвдрэл гэмтлийг засварлах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэж заасан байдаг”

Цахилгаан шатны хонгилд бага насны хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнээс лифтний аюулгүй байдал, засвар үйлчилгээнд тавьдаг хяналтын талаар тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байр цахилгаан шатны хонгилд гурван настай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Гүн эмгэнэл илэрхийлье.

Манай байгууллага нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатны ажилд хяналт тавьдаг. Мөн СӨХ-нуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр лифтнүүдэд засвар үйлчилгээ хийдэг. Өнөөдрийн байдлаар манай байгууллага 60 ААН-ийн 170 лифтэнд засвар, техникийн үйлчилгээ хийж байгаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 7,000 гаруй лифт бий гэсэн тоо баримт байдаг. Манай байгууллага тэр олон лифтэнд засвар үйлчилгээ хийх боломжгүй бөгөөд зөвхөн гэрээт СӨХ-уудын лифтэнд засвар хийж байгаа.

Лифт эрсдэлтэй байгууламж учраас СӨХ заавал мэргэжлийн лифтчин ажиллуулах, сар бүр үзлэг хийж байх хэрэгтэй. 

Хуульд зааснаар лифтийг ашиглагч байгууллага нь хариуцан эвдрэл гэмтлийг засварлах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэж заасан байдаг. СӨХ аюулгүй байдлыг хангаагүй, буруутай гэж дүгнэж байна.

Нийслэлийн зүгээс ашиглалтын хугацаа дууссан 134 лифтийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн урьдчилгаа 15 хувь нийслэлийн төсөвт суусан бөгөөд бусад зардлыг Беларусь улсын тусламжаас гаргах юм” гэдгийг хэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *