Төлбөрийн тэнцлийн урсгал данс 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2021 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 512.2 (86.9 хувь) сая ам.доллароор нэмэгдлээ.
Үүнд анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 787.1 сая ам.доллароор нэмэгдэж, 1.8 тэрбум ам.доллар болсон нь нөлөөлсөн байна. Харин урсгал данс өнгөрсөн оны 11 дүгээр сард 464.4 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 219.8 сая ам.доллароор нэмэгдэв.
Үйлчилгээний худалдааны орлого 2021 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 695.2 сая, зарлага 1.9 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 107.2 сая ам.доллароор нэмэгдэж, зарлага 20.3 сая ам.доллароор багасав. Үйлчилгээний худалдааны алдагдал 2021 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхээс 127.4 сая ам.доллароор багасаж, 1.2 тэрбум ам.доллар болжээ.
Хөрөнгийн данс 2021 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 116 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 21.9 сая ам.доллароор нэмэгдэв. Мөн оны 11 дүгээр сард 9.9 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 3.8 сая ам.доллароор нэмэгдсэн байна.
Санхүүгийн дансны тэнцэл 2021 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 869.2 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 165.9 сая ам.доллароор нэмэгдлээ. Харин 11 дүгээр сард 392.1 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 256.4 сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Төлбөрийн тэнцэл 2020 оны эхний 11 сард 9.3 сая ам.долларын ашигтай байсан бол 2021 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 445.7 сая ам.доллароор багасаж, 436.4 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Харин төлбөрийн тэнцэл 2021 оны 11 дүгээр сард 131.9 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 120 сая ам.доллароор нэмэгджээ.