ЭХЯ: Дулааны шугамын гэмтлийг зассан, халаалтаа тавихаар ажиллаж байна
Өчигдөр Баянзүрх дүүрэгт Кино үйлдвэр орчмын дулааны шугамд гэмтэл гарсны улмаас айл өрхүүдийн халаалт, хэрэглээний усгүй болсон талаар мэдээлсэн.
Эрчим хүчний яамнаас өнөөдөр өглөө засвар хийж дууссан эсэхийг тодруулахад “Дулааны шугамын гэмтлийг шөнөдөө ажиллаад арилгасан. Халаалтаа хэвийн шахахаар ажиллаж байна. Удахгүй Улаанбаатар дулааны шугам сүлжээ компаниас мэдээлэл хийнэ” гэлээ.
НЗДТГ-аас урд шөнө 00 цагийн орчимд “Амгалан дулааны станцад цахилгаан тасарснаас сүлжээний насос зогссон. Үүнээс шалтгаалан ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөн. Одоогоор 2 газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн. УБДС ХК-ийн 2 бригад гэмтэл устгах ажлыг хийж байна.
Амгалан дулааны станцад ЭХЯ-ны ТНБД-аар ахлуулсан баг, УБДС ХК-иас нэмэлтээр гагнуурчин сая орлоо. УДДТ-ийн усыг бүрэн буулгасан. Бусад нь залгагдахад бэлэн. ОСНААУГ болон хувийн ОСК-иуд бэлэн байдалд байна. Нэмж гол шугаманд гэмтэл илрэхгүй бол ойролцоогоор 3 орчим цагийн дараа сүлжээг дүүргээд залгах болов уу. Хэрэглэгчдийн халаалт өглөө. гэхэд л бүрэн сэргэнэ. Салаа шугаманд илэрвэл таслаад бусад хэрэглэгчдийг залгаад явчихна” гэж мэдээлсэн.
03.50 цагт: “Гагнуур дуусч Кино үйлдвэрийн салааг залгаж эхэллээ. Сүлжээний залгалтын ажил эхэлж байна. Сүлжээний даралт, температурыг аажуухан нэмэгдүүлж ажлын даралтад хүргэнэ. 5 цагийн орчимд бүрэн ачааллаа авна” гэв.