Г.Буяндорж: Хууль зөрчиж буй прокуроруудтай тэмцэж өлсгөлөн зарлана

“Ноёд групп”-ийн захирал  Г.Буяндорж хэвлэлийн хурал хийж мэдээлэл хийлээ. Мөн түүний эхнэр, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, өмгөөлөгч Д.Батжав нар түүнтэй хамт байр сууриа илэрхийлсэн юм.

Г.Буяндорж: “ 2011 оноос хойш   БНХАУ-ын  иргэн Шан Душен гэдэг хүний өргөдөл гомдлоор, намайг болон миний ах дүү нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хүн 2014 онд Замын-үүдийн боомтоор Монголоос гарч явсан. Тэр хүнийг БНХАУ-д  ажиллаж, амьдарч байхад би энд Цагдан хорих 461-р ангид 409 хоног хоригдож, 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэж,  компанийнхаа 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг алдсан. Энэ асуудлаар прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү оруулсан. Давхцсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болж, хамгийн сүүлчийн шүүх хурал 2019 оны дөрөвдүгээр сард болж Дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Душен гэдэг хятад иргэн биш байна. Энэ хэргийн иргэний нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Шүншү гэх хүн биш байна гэж дүгнэсэн.

Прокурорын байгууллагын албан бус  “Хонгил”-ын прокурорууд 10 жил Хятад иргэний  захиалгаар асуудлыг явуулж, бүх яллах дүгнэлт нь дээд шүүх дээр очиж хүчингүй болж унаж байна. Үүний цаана 4-5 прокурорын асуудал яригдана. Энэ үйл ажиллагаанд хяналт тавьж байсан. Тэдний буруутай үйл ажиллагаа байна гэдгийг Дээд шүүх дүгнэсэн. Тиймээс намайг болон, манай гэр бүлийг 2011 оноос хойш “Шударга бусын хонгил”-оор чирсэн энэ үйл ажиллагаануудыг залруулахаар Ёс зүйн хороонд нь өргөдөл гаргаж байна.  Энэ асуудлыг нарийвчлан шалгах ёстой.

 Өргөдөл гомдол гаргангуут Нийслэлийн прокурорын газрын прокурор Батмэнд надад хариу өгөхдөө “хянан шийдвэрлэсэн” гэсэн атлаа, дээд шатны шүүхэд гомдол гаргахгүй гэсэн эцсийн шийдвэрийг надад гурван удаа өглөө. Үндсэн хуулиар олгогдсон эрх, Монгол Улсын иргэн нь  төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчлөө.

Энэ 47 тэрбум төгрөгтэй холбоотой хятад иргэний компани Монгол Улсын татварын байгууллагад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, баримт нь надад байна. Энэ хүнтэй холбоотой бүх баримтыг би улсын прокурорт гаргаж өгнө. Гэмт хэргийг илрүүлж, нотлох баримтыг өгчихөөд байхад төрийн байгууллагын эрх бүхий хүмүүс гэмт хэрэгтэнд ял оноохгүй байх хатуу бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ 47 тэрбумын цаана асар олон ноцтой баримт, санхүүгийн гүйлгээнүүдийн баримт  бий. Үүнийг би прокурорт итгэж өгөхөд хүндрэлтэй. Иймд ажлын хэсэг гаргаж өгөөч гэж байгаа. Ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, Татварын ерөнхий газар, АТГ-ын ажлын хэсэг гаргаж, Хятадтай холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэргийг шалгаж өгөөч гэж хүсч байна.

“Шударга бусын хонгил”-ын прокурор хэрхэн үүсч, бидний 10 жилийн амьдралыг чирсэн асуудлыг хэлье. Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд гэж хүн 2011 онд надад анх эрүүгийн хэрэг үүсгэсэн, Хятадын иргэн Шан Душений  гомдлоор Ц.Батболд өмнө нь Прокурорын дэргэдэх  мөрдөн байцаах газрын дарга байсан, тиймээс тухайн үед эрүүгийн байцаан шийтьгэх хуулийг ноцтой зөрчиж байж. Цагдаагийн шалгах ёстой хэргийг өөрийн хамаарах газар руу татсан. Прокурорын дэргэдэх  мөрдөн байцаах газар бол шүүгч, прокурор, шийдвэр гүйцэтгэгч, цагдаа тусгай субьектийг шалгадаг эрх бүхий байгууллага байсан. Гэтэл жирийн бизнесмэн намайг тэр “Хонгил” руу чирсэн тогтоол гаргаж, 10 жил шалгасан. Энэ хэргийг удирдан чиглүүлж байгаа прокурорын сүлцээний толгойлогч нь Ц.Батболд юм. Хяналтын прокурор нь Ж.Сандагсүрэн, тэр мөн л Прокурорын дэргэдэх  мөрдөн байцаах газар мөрдөгч байсан. Тэр хоёр бол нэг өрөөнд хамт сууж байсан мөрдөн байцаагч. Шүүх дээр очиход ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч С.Батжаргал нь надад ял өгсөн. Тэр шүүгч мөн Прокурорын дэргэдэх  мөрдөн байцаах газарт мөрдөгч байж  байгаад шүүгч болсон. Энэ гурав хоорондоо хэрэг шидэлцэж “Хонгил” үүсгэдэг. Өмгөөлөгчийн асуудал бас яригдана. Авлига, албан тушаалын хэрэгт зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа нь тэдэнтэй хамт ажиллаж байсан, найз нөхдийн холбоо бүхий өмгөөлөгчид байгаа. Тухайлбал, өмгөөлөгч З.Шүрэнчулуун, мөрдөгч прокурор Ш.Хосбаяр, Алдархишиг нар намайг “Шударга бусын хонгил”-оороо чирж, манай гэр бүлийн эрх чөлөөт амьдрал, аюулгүй байдалд халдан, бидний амьдралын үнэт 10 жилийг чирэгдүүлсэн. Үүнийг би яргалал гэж үзэж байна” гэв.

Тэрээр прокурорын байгууллага 72 цагийн дотор нотлох баримтууд, өргөдөл гомдолтой холбоотой шударга шийдвэр гаргахыг  шаардаж байна. Шударга шийдвэр гаргахгүй бол  “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт өлсгөлөн зарлана гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *