“Бээжин-2022” өвлийн олимпын эргэн тойронд

43 жилийн хичээл зүтгэл, долоон жилийн нөр их бэлтгэл, 14 жилийн хүлээлтийн дараа Бээжин-2022 өвлийн XXIV олимпын наадмын хөшиг нээгдэж эртний түүхт Бээжин хотын тэнгэрт олимпын бамбар бадамлан аслаа.

Өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 4-нөөс 20-нд өмнөд хөрш БНХАУ-д болох хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон  олимпод урьдчилсан байдлаар 91 орны 2890 гаруй тамирчид  долоон спортын (биатлон, бобслей, керлинг, хоккей, тэшүүрийн төрлүүд, цанын төрлүүд, чарга) 15 төрөлд 109 цогц медалийн төрлөө өрсөлдөх юм.

2015 оны долоодугаар сарын 31-нд Малайзын нийслэл Куала Лампур хотод болсон ОУОХ-ны 128-р чуулганаар 2022 оны XXIV өвлийн олимпыг зохион байгуулах хотоор Бээжин хот тодорсныг албан ёсоор зарласан юм. Олимп зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөн зургаан хотын дунд өрнөж, сүүлийн шатанд 44:40 гэсэн саналын харьцаагаар Казахстаны Алматы хотыг ялж Бээжин хот шалгарсан юм.

Улмаар 2015 оны 12-р сарын 15-нд Бээжин-2022 XXIV өвлийн олимпын зохион байгуулах хороо албан ёсоор байгуулагдсанаар бэлтгэл ажил тасралтгүй өрнөж сүүлийн 2 жил гаруй хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд сорилтыг амжилттай давж спортын их гэр бүлийн анд нөхдөө хүлээн авахад бэлэн болжээ.

  • Бээжин-2022 өвлийн олимпын лого: Өвөл (冬) гэсэн ханз үсгийн загварт үндэслэсэн
  • Бээжин-2022 өвлийн олимпын уриа үг: ИРЭЭДҮЙН ЗҮГ ХАМТДАА
  • Бээжин-2022 өвлийн олимпын бэлгэдэл амьтан: Дүнь Дүнь хэмээх нэртэй хулсны баавгай
  • Бээжин-2022 өвлийн олимпын бамбар: Нисэх (飞)гэсэн нэртэй, навчны хэлбэрт үндэслэсэн
  • Бээжин-2022 өвлийн олимпын сүлд дуу: Ирээдүйн зүг хамтдаа

ОРОЛЦОГЧИД


 

Энэ удаагийн олимпод одоогоор 91 орны тамирчид оролцох эрхээ хангаад байгаа бөгөөд Гаити, Саудын Араб улсууд анх удаа өвлийн олимпын наадамд оролцох гэж байгаа бол Пенчан-2018 онд оролцсон улсуудаас БНАСАУ оролцохгүй бөгөөд Бээжин-2022 онд оролцох эрхээ авч хараахан чадаагүй дөрвөн улс байгаа нь Өмнөд Африк, Сингапур, Того, Тонга болно.

Дэлхийн олон улс орны тамирчдад 12 төрлийн үйлчилгээнд туслан зөвлөх үүрэг гүйцэтгэхээр 27000 сайн дурынхан олимпын тосгон болон спортын ордонд бэлэн болоод байгаа ажээ.

“Бээжин-2022” өвлийн олимпын уулын цана, бобслей, скелетоны төрлүүд Бээжингийн Яньчинд дүүрэгт, харин Бээжингээс 180 км зайд орших Хэбэй мужийн Жанчхүү буюу түүхнээ Чуулалт хаалга, Хаалган хот гэж нэрлэгдэж ирсэн Жанжякоү хотод гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон, фристайл, сноубордын төрлүүдийн тэмцээн явагдах бол Бээжинд Олимпын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, тэшүүр, шорт-трек, уран гулгалт, хоккей, керлингийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.


 

Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Бээжин-2008” зуны олимпин гол цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр”-т болох бөгөөд Бээжин хот нь зуны болон өвлийн олимпыг зохион байгуулах анхны хот болох юм. “Бээжин-2008” зуны олимпын усан спортын гол ордон болсон “Water Cube”-ийг  “ICE Cube” болгон өөрчлөн ашиглахаар бэлджээ.

2008 оны зуны олимпод 43 тэрбум ам.доллар зарцуулж байсан бол 2022 оны өвлийн олимпын төсөв харьцангуй бага буюу 3.9 тэрбум доллар орчим гэсэн урьдчилсан төсөөлөл гаргаад байна.

Олимпын уралдаан тэмцээнийг дээр дурдсан гурван бүсийн 12 ордон цогцолборуудад 16 хоногийн турш эв нэгдэл спортын их цэнгэл үргэлжлэх болно.

2008 оны зуны олимпод 43 тэрбум ам.доллар зарцуулж байсан бол 2022 оны өвлийн олимпын төсөв харьцангуй бага буюу 3.9 тэрбум доллар орчим гэсэн урьдчилсан төсөөлөл гаргаад байна. Учир нь уралдаан тэмцээн болох ихэнх спортын ордон, цэнгэлдэх хүрээлэн, дэд бүтцийн байгууламж нь өмнө нь ашигласан болон хуучин байгууламжаа  шинэчлэн зассан бөгөөд шинээр 4 спортын уралдаан тэмцээний байгууламж барьсан нь тэшүүрийн ордон, чарга болон бобслейн зам, трамплин харайлтын цогцолбор, уулын цанын зам юм.


 

Энэ удаагийн өвлийн олимп нь цар тахлын амаргүй үед, тэр тусмаа Омикрон хувилбарын давлагаа ид дэгдэж буй цаг үед зохиогдох болохоор маш хатуу, нарийн чанд дэглэмд нээлт хаалт, уралдаан тэмцээнүүд болон бусад албан ёсны соёлын арга хэмжээнүүд явагдана гэдгийг БНХАУ-ын Олимпын наадмын зохион байгуулах хорооны зүгээс нэлээд эртнээс анхааруулан сануулсаар байна.

Одоогоор цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан гадаадын үзэгч, хөгжөөн дэмжигчдийг олимпын тосгонд оруулахгүй, зөвхөн урьдчилан тасалбар худалдан авсан Хятадын дотоодын үзэгчдийг халдвар хамгааллын маш нарийн тодорхой шалгуурын дагуу уралдаан тэмцээнд үзэгчээр оруулах бэлтгэл ажил бүрэн хийж дуусжээ.


 

НЭЭЛТИЙН ЁСЛОЛ

Бээжин-2022 өвлийн XXIV наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Хятадын алдарт найруулагч Жан И-Мө ажиллаж бөгөөд тэрээр мөн Бээжин-2008 зуны XXIX наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар ажиллаж Хятадын олон мянган жилийн түүх соёлын дээжээс даян дэлхийн олон зуун сая үзэгчдэд тун амжилттай толилуулж чадсан юм.

Авьяаслаг найруулагчийн удирдлагаар 3000 гаруй урлаг соёлынхон 100 минутад нээлтийн  ёслолыг төгс гүйцэтгэхээр 2019 оны 3-р сараас эхлэн бэлтгэсэн.

Бээжин-2022 нээлтийн ёслолын агуулга, философи нь Бээжин-2008 -аас нэлээд ялгарах бөгөөд “БИ-гээс БИД”, “Түүхийг өгүүлэхээс Ирээдүйг зорих” гэсэн байдлаар өөрчлөгдөж байгааг  найруулагч онцолж байна.

Олимпын бамбарыг дэлхийн 25 улс орны харьяалал бүхий 14-86 насны төлөөлөл болсон 1200 хүн дамжуулан гүйсээр өнөөдөр Олимпын нээлтийн үдэш уудам тэнгэрт бадамлан аслаа.

 

Эх сурвалж: Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *