Ч.Ганхуяг: Би хэнийг ч хохироогоогүй
Сүүлийн үед Монголын цор ганц криптовалют Ард коинийн ханш анх эхэлсэн үеийнхээсээ хэд дахин өсч, халуун сэдэв болж байна. Харин нөгөө талаар энэ өсөлт нь хөөс хэмээн шүүмжлэх талууд цөөнгүй байна. Энэ асуудлын талаар “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг мэдээлэл өгчээ.
Тэрээр “Ард” коин нь “Ард” санхүүгийн нэгдлийн үйл ажиллагааны орлогыг болон ирээдүйн орлогоос гадна, хөрөнгөөр нь баталгаажсан гэж хэлж болно.
Тиймээс Ард коины ханшийн өсөлт хөөс биш. Ард коин хүнийг хохироох үндэс байхгүй. Учир нь би 3 тэрбумыг давхардсан тоогоор 1.7 сая хүнд тараачихсан. Тэгэхээр тэр хүмүүс хохирох боломжгүй.
“Ард” санхүүгийн нэгдэл өөрийнхөө орлогын төсвийг гаргаад тодорхой хувиар нь сар бүр худалдаж авч байж, дараагийнхаа хүмүүст өгдөг. Үнэ хэд байх нь хамаагүй. Тэгэхээр цаад баталгаа нь ийм нарийн зүйл байдаг.
Өнөөдрийг хүртэл надтай холбоотой ганц ч хүн хохирлоо гэж гарч ирээгүй. Үнэхээр би хэнийг ч хохироогоогүй. Бүгд ашиг хийдэг. Есдүгээр сард сая төгрөгөөр манай хувьцааг авсан хүн өнөөдөр арван сая төгрөгтэй болсон.
Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт зориг гаргаад тэрбум төгрөгөөр авсан хүн сая гурван зуун тэрбум төгрөгтэй болсон. Саятнууд, тэрбумтнууд өдөр бүр төрж байна. Болгоомжтой бай, арилжаанд бүү оролц, хөрөнгө оруулалт хий, авсан бол авдартаа хий, тэгээд март” гэх тайлбар өглөө.