Өсвөр насны хөвгүүд найз охиноосоо болж маргалдан нэгнийхээ амийг хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ
Энэ сарын 2-3 шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутагт байрлах …дугаар байрны есөн давхрын орцод “Хүүхдүүд нэгнээ хутгалчихсан байж болзошгүй байдалтай байна” гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид тус газар очиход 16 настай Ю нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ талийгаач В-тэй найз охиноосоо болж маргалдан амь насыг нь хохироожээ.
Гэрчийн мэдүүлгээр, сар шинийн баярыг тохиолдуулан зургаан найз нэгнийдээ ирж, орцод шар айраг хувааж уужээ. Улмаар Ю-ын найз охины ярианаас найзуудын дунд маргаан үүсэж Ю нь В-г айлгах санаатай хутга гаргаж суган доогуур нь оруулах гэтэл ийм харамсалтай хэрэг гарсан талаар мэдээллээ.
Сүүлийн үед өсвөр насныхны амиа хорлох, нэг нэгнээ гэмтээх, амь насанд халдсан гэмт хэрэг нэмэгдэж буйтай холбогдуулан өсвөр насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг эцэг эх та бүхнээс хүсье.