Г.Буяндорж Т.Ариунаа нар “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт хийж байна
Яг одоо “Ноёд групп”-ийн захирал Г.Буяндорж түүний эхнэр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа нар “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт хийж байна.
Түүний нөхөр Г.Буяндорж үдээс өмнө хэвлэлийн хурал хийх үеэрээ “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн.
Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн. Тухайн үед коронагийн халдварын улмаас хил хаалттай байхад шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон. Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна.
Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд
-2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
-Нэр дурдагдсан Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж шалгах,
-Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ.
МУГЖ Т.Ариунаа “Миний хань Г.Буяндорж 16 удаагийн шүүх хуралд оролцож, 5 удаа хоригдож хилсдсэн. Бидний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээсэн бүх зүйлийг шударга бус прокурорууд харлуулж байна.Мөн түүнийг хэвлэл мэдээллийнхэн улс төрийн гэмт хэрэгтэн шиг үзэж байсан.Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын хонгилыг таслан зогсоож, шударга шинэ прокурорыг ажиллуулах хэрэгтэй. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач” гэж хэлсэн юм.
Тодруулбал тэрээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ 2011 оноос хойш цагдаа, прокурорын байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд, өмгөөлөгч нарын хоорондоо холбоотой нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл, тэдний бий болгосон “Шударга бусын хонгил”-ын ноцтой үйл ажиллагааг Улсын Ерөнхий Прокурорын газар 72 цагийн дотор нотлох баримтууд, өргөдөл гомдолтой холбоотой шударга шийдвэр гаргахыг шаардсан юм.
Шударга шийдвэр гаргахгүй бол “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт өлсгөлөн зарлана хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийхээ дараа ийнхүү суултаа эхлүүлжээ. Тэд ирэх баасан гарагт Хүний эрхийн үндэсний комист хандах юм байна.
ivoice.mn