ОХУ-ын Камила Валиевагаас сэргээш илэрсэн байж болзошгүй шалтгаанаар медаль гардуулах ёслолыг хойшлуулжээ
Өчигдөр Бээжин хотод болох ёстой байсан өвлийн олимпын уран гулгалтын тэмцээний шагнал гардуулах ёслол тодорхойгүй шалтгаанаар хойшлогджээ.
Даваа гарагт өндөрлөсөн тэмцээнд ОХУ-ын баг алтан медаль, АНУ-ын баг мөнгөн медаль, Японы баг хүрэл медалийн болзол хангаад байсан юм.
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр энэ тэмцээний гол дуулиан болсон ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиевагаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн байж болзошгүй гэнэ.
Тухайлбал тамирчдын эмчилгээнд ашигладаг триметазидин хэмээх эмийн бодис Валиевагийн цуснаас илэрсэн тухай мэдээлжээ.Уран гулгалтын төрөлд ОХУ дэлхийд тэргүүлдэг. Хэрэв сэргээшийн шалтгаанаар медалиа хураалгавал тус улсын хувьд ичгүүртэй явдал болох юм.
Оросын алдартай спортын сэтгүүлч Василий Конов “Триметазидин бол тамирчны амжилтад нөлөөлдөг эм биш. Өнгөрсөн арванхоёрдугаар сард авсан нэг удаагийн сорьцоос бага хэмжээтэй илэрсэн байна. Энэ бол сэргээш биш. Камилаг тайван байлга!” гэж сошиал хуудсандаа бичжээ.
ОХУ-ын спортын яам албан ёсны мэдэгдэл гарах хүртэл энэ талаар тайлбар хийхээс татгалзсан байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Одоогоор бид ямар нэг албан ёсны мэдээлэл аваагүй байна. Зөвхөн албан ёсны эх сурвалжид найдацгаая. Хэвлэлүүд л энэ тухай мэдээлж байна. Манай спортын албаныхны, Олон Улсын Олимпын Хорооны тайлбарыг хүлээх нь зөв байх” гэж хэлжээ.
Эх сурвалж: ESPN, Russia Today