Хөгжлийн банкны хэрэг: ИДСЭН “ЧОНО” ЯЛТАЙ, ӨГСӨН “ХОНЬЧИД” ЯМБАТАЙГАА ҮЛДЭХ ҮҮ?!
Хөгжлийн банкийг анх байгуулахдаа санхүүжүүлсэн төслийнх нь 60-аас доошгүй хувийг уул уурхайн салбараас бусад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортлох чадварыг дээшлүүлэх, экспортыг дэмжсэн хөтөлбөрүүд байх ёстой гэж заасан. Харамсалтай нь энэ банк экспортыг биш эрх мэдэлтнүүдийг дэмжиж иржээ.
Ер нь бол байгуулагдсан цагаасаа л ийм байсан. Бүгд мэднэ. “Хөгжлийн банкны” гэх хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаад ч удаж байгаа юм.
Хачин нь ингэсээр байтал эрх мэдэл, улс төрд нөлөөтэй этгээдүүд тэнд төвлөрсөн хөрөнгийг нь “зээл” нэрээр авсаар байжээ.
Хамгийн гол нь эдгээр олон тэрбумын “зээл”-үүд нь эргэн төлөлт байхгүй, зориулалтын бусаар зарцуулсан байх магадлал өндөр зэрэг гэмт хэргийн шинжийг агуулсанд байгаа юм. Тиймээс “Оросыг маажвал татар” гэдэг шиг компаниудыг захаас нь жаахан төнхөхөд л улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээдүүд гарч ирж байна.
Бас төр өөрөө ч чанаргүй зээлийн эзнээр тодроод байна.
Төрийн нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Монгол” ХХК 141.37 тэрбум, “ДЦС-4” ТӨХК 248.46 тэрбум, Эрчим хүчний яам 42.21 тэрбум, МИАТ ТӨХК 18.24 тэрбум, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК 152.35 тэрбум, “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ 17.24 тэрбум, Төрийн банк 5.80 тэрбум, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК 30.19 тэрбум, ТОСК ТӨҮГ 230.69 тэрбум, мөн 19.25 тэрбум, Дорнод бүсийн эрчим хүчний систем 19.71 тэрбум төгрөгийг тус тус зээлсэн байна. Ихэнх нь эргэн төлөлт тааруу байгааг Хөгжлийн банкнаас зарласан “тоо”-ноос харж болно.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод Монгол групп” ХХК-ийн 4.80 тэрбум, Х.Ганхуяг нарын УИХ-ын гурван гишүүн “Вертекс майнинг партнер” ХХК-ийн 33 тэрбум, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир, Тагнуулын дарга асан Б.Хурц нар “Изинис Эйрвайз” ХХК-ийн 22.92 тэрбум, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “Мак цемент” ХХК-ийн 153.03 тэрбум, УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Ачлал трейд” ХХК-ийн 42.73 тэрбум, БХБ-ын дэд сайд асан Ш.Лхамсүрэн “Мондулаан трейд” ХХК-ийн 13.74 тэрбум, “Чингис хаан” банкны 1.03 тэрбум, УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Вояжер минерал ресурсес” ХХК-ийн 4.47 тэрбум, Хотын дарга асан Су.Батболд “МБҮ трейд” ХХК-ийн 11.50 тэрбум, НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат “Бармон” ХХК-ийн 13.84 тэрбум, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-ийн 18.52 тэрбум, Сангийн дэд сайд асан С.Пүрэв “Энсада истерн” ХХК-ийн 26.86 тэрбум, төгрөгийн зээлтэй холбоотой байж болзошгүй, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “НВЦ” ХХК-д 59.83 тэрбумыг олгуулсан байх магадлалтай гэсэн гэсэн мэдээлэл байна.
Бас “Голомт”-ын Д.Баясгалан “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн 145.12 тэрбум, “Голомт” банкны 1.22 тэрбум, “Худалдаа хөгжлийн банк”-ны Д.Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийн банкны 3.0 тэрбум, “Кью Эс Си” ХХК-ийн 151.58 тэрбум, “Макс”-ын Д.Ганбаатар “Макс рөүд” ХХК-ийн 17.95 тэрбум, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр “”Эйч энд Эйч Ремикон” ХХК-ийн 2.35 тэрбум, “Ган хүдэр орд” ХХК-ийн 4.84 тэрбум, “Инжир” ХХК-ийн 5.58 тэрбум, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат “”Строй инвест” ХХК-ийн 2.35 тэрбум, “Пи Си Вай” ХХК-ийн 3.47 тэрбум, “Монгема” ХХК-ийн 10.52 тэрбум, “Газ импорт” ХХК-ийн 5.61 тэрбум, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбуу “Дорнын цас” ХХК-ийн 2.88 тэрбум, “Хатант интернэшнл” ХХК-ийн 6.0 тэрбум, “Болор шүр” ХХК-ийн 2.31 тэрбум, Монголбанкны хэлтсийн захирал асан Д.Дэлгэрсайхан “Комплант” ХХК-ийн 2.72 тэрбум төгрөгийн зээлийн араас гарч ирж болзошгүй гэж буй юм.
Өөрөөр хэлбэл, Монголын нөлөө бүхий эдгээр эрхэм энд дурдсан зээлүүдтэй холбоотойгоор АТГ-т тайлбар мэдүүлэг өгөх бололтой.
Энд бас нэг анхаарах асуудал байна.
Юу гэвэл, нийгэм тэр чигээрээ “…Хөгжлийн банкийг дээрэмдсэн, луйвардсан новшнууд” гэдэг сэтгэл зүйд хөтлөгдчихлөө. Энэ бол туйлшрал.
Эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд нөлөөлж авсан зээлүүд мэдээж бий. Тэгээгүй, бизнес зарчмаар зээл хуй аваад, тэрийгээ төлөөд явж байгаа нь ч цөөнгүй байна. Зээлдэгчдийг нийтээр нь харлуулж болохгүй гэх гээд байгаа юм. Учир нь эдгээр зээлийг Хөгжлийн банк руу давхиж ороод дээрэмдчихээгүй.
Ер нь тэгээд жилийн наймхан хувийн хүүтэй зээлээс татгалзах бизнесмэн байх уу. Боломж байвал авах нь тодорхой бус уу. Яахав, Фейсбүүкийн Марк Цукерберг, “Амазон”-ы Жак Ма нарынх шиг бизнест зээл хэрэггүй байж магадгүй. Монголд бол зээлгүй бизнес боломжгүй. Тиймээс энэ туйлшрал дунд хэлмэгдэл гарах магадлал өндөр байна. Үүнийг учир мэдэх олон хүн хэлж байна л даа.
Хөгжлийн банкны ТУЗ нь, Зээлийн хороо нь, тэр дундаа Гүйцэтгэх удирдлагад Хяналт шалгалт, бас Эрсдэлийн үнэлгээ хариуцсан газруудын зөвшөөрлөөр зээлүүдийг олгосон байдаг.
Тэр утгаараа Хөгжлийн банкны ТУЗ-ийг удирдаж байсан нөхдүүд шалгууллаа. Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Б.Батбаяр нар шалгуулсан. Одоо Г.Амартүвшин АТГ-ын үүд сахихаар болж байна.
Нэг үгээр хэлбэл, хоёр жилийн өмнөөс зарим зээл нь эрүүгийн хэрэг болж АТГ, хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны зээл олгосон албан тушаалтнууд албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглаж зарим зээлдэгчдэд давуу байдал олгосон эсэх, компаниудаас хахууль авсан эсэхийг шалгаж эхэлсэн байна.
Гэвч шалгагдаж буй Хөгжлийн банкны албан тушаалтнууд дунд гол хүмүүс нь алга. АТГ-ын анзаарахгүй, эсвэл тоохгүй байгаа Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн гэсэн хүмүүс байгаа юм.Тодруулбал, 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн нартай яагаад ч юм хариуцлага ярьдаггүй нь анхаарал татаад байгаа юм.
Янгугийн Сод-Эрдэнэ бол “Хэт” ХХК-д электроникийн инженер, “Айкон” ХХК-д электроникийн инженер, 2000 онд “Экспи” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. 2001 оноос Нийслэлийн Захирагчийн ажлын албанд Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга, 2010 онд НЗДТГ-т агентлагийн орлогч дарга болсон. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирлын албанд очсон. 2021 оны есдүгээр сараас Хөгжлийн банкны Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлаар шилжин томилогджээ.
Ганбямбын Дөлгөөн нь 2008-2010 онд Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газарт нягтлан бодогч, 2010-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, 2014-2015 онд Люксембургийн Вант Улсын “Шродерс” хөрөнгө оруулалтын сангийн шинжээч, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018-2020 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал, 2020 оноос Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Одоогийн чанаргүй зээл дунд энэ хоёр захирлын хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээ хийж гаргасан зээл нэлээд байх аж. Ийм байтал тэд тушаал дэвшээд, Я.Сод-Эрдэнэ нь өдгөө Хөгжлийн банкны Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал, Г.Дөлгөөн нь бүр үсрээд Төрийн банкны гүйцэтгэх захирал, тэгээд дараа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болчихжээ.
Нөгөө талаас Гүйцэтгэх удирдлагын багийн эрсдэлийн бодлого, зохицуулалтын дагуу Хөгжлийн банк нь тогтоосон эрсдэлийн параметрүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь барьцаа хөрөнгийг үнэлэх, гэрээний үүргийн дагуу барьцаа хөрөнгийг барьцаанд авах, барьцаа хөрөнгийн үнэ цэнийг хянах, зээл барьцаа хөрөнгийн бичиг баримтуудын хадгалалт хамгаалалтыг хариуцдаг.
Гүйцэтгэх удирдлагын багийн бүрэлдэхүүнд гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газрын захирлууд буюу дээрх хоёр хүн үүнд багтана. Өөрөөр хэлбэл, багийн тоглолт гэсэн үг. Тэр утгаараа Б.Батбаяр, Г.Амартүвшин нар буруутвал Я.Сод-Эрдэнэ хяналт шалгалт хариуцсан дэд захирал нь байсан учраас хариуцлага хүлээнэ. Мөн Б.Батбаяр буруутай гэвэл Я.Сод-Эрдэнээс гадна дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал асан Г.Дөлгөөн ч бас шалгуулах ёстой юм.
Бод доо, Хөгжлийн банк гэдэг хоттой хонь байна. Хоттой хонинд улстөрчид, улс төрд нөлөө бүхий нөхдүүд гэсэн чоно орчихжээ. Цөлмөсөн байна. Тэр боломжийг Хөгжлийн банкны ТУЗ, гүйцэтгэх удирдлагууд хэмээх хоньчид олгожээ. Чоно яахав, нүдүүлж байна. Харин Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн нарын гол хоньчид нь энэ дуулианыг “тээр дээр”-ээс хараад сууж байна. Тэгэхээр л идсэн “чоно” ялтай, өгсөн “хоньчид” ямбатайгаа үлдэх үү гэж асуумаар байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ