Б.Жаргалсайхан: Дональд Трамп бид хоёр шиг төрийн төлөө толгой нь байнга ажилладаг нь ховор байдаг юм
Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй компаниудад шахалт үзүүлэхээр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Б.Жаргалсайхан, Д.Мөнх-Эрдэнэ нар маргалдаж, нэгнээ мөргөж, нударсан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Залуус голдуу хүмүүс Б.Жаргалсайханыг “Юм болгон руу үсчсэн өвгөн” гэх зэргээр шүүмилжээ.
Харин БНН-ийн дарга Б.Жаргалсайхан өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай зүйрлэж ийнхүү хариу бичсэн байв.
Тэрбээр “Намайг эргүү тэнэг өвгөн гэж харааж зүхэж байгаа хүмүүс дандаа залуу хүмүүс байх юм. Дүү нар миний насан дээр эм тангийн боол болчихгүйхэн шиг зүхүүлээд ч гэсэн иртэй илд шиг явах хэрэгтэй. Зарим нь ийм насан дээр ирж ч чадахгүй мөнх бусыг үзүүлж байхад өвгөнөөрөө дуудуулаад ч гэсэн түмний төлөө хашгирч явах нь ичмээр явдал ерөөсөө биш.
Дональд Трамп бид хоёр шиг төрийн төлөө толгой нь байнга ажилладаг залуучууд ховор байдаг юм. Ахад нь одоо эртний хаад ноёдын ёсоор бол таван хатан солих нас бий. Одоогийн хэлдгээр бол төрийн наадмаа үзэж цэнгэх 30 жилийн нөөц байна. Дүү нар эрүүл мэндээ хайрлаж, архи дарснаас хол, тархи толгойгоо байнга цэнэглэж, жаахан ухамсартай байвал зүхэхээр биш дуртай зүйлээ үзэж эдлэхээр сайхан нас шүү” гэжээ.