Монгол улсад Омикроны BA.1 омог зонхилж байна
Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд Интермед эмнэлэг дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг судлан автомашинтай оношилгооны цэгийг 2020 оны 12 сард нээснээс хойш үйл ажиллагаагааг өнөөг хүртэл тогтвортой явуулж байна.
КОВИД-19 шинжилгээний захиалгыг онлайнаар авдаг, хүн хоорондын харилцаа үүсгэхгүйгээр сорьц авдаг, шинжилгээний хариу гар утсанд илгээгддэг бөгөөд энэ нь эрсдэлийг бууруулсан, хурдан шуурхай байдлаараа хүмүүст танигдаад байна.
Түүнчлэн Интермед эмнэлэг “Монгол Эм Импэкс Концерн” ХХК-тай хамтран ОХУ-ын Спутник-V болон Спутник-Лайт вакцинаар ард иргэдийн дархлаажуулалтыг хийжээ.
Интермед эмнэлгийн Ковидын лаборатори нь шинэ омгийн тандалтыг өөрийн боломжийн хэмжээнд зохион байгуулж эрсдэлтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-ийн Төв лабораторид тухай бүрт нь мэдээлж ажилладаг. 2021 оны 08 сараас Ковидын Дельта хувилбарын тандалтыг хийж байсан бол 2022 оны 01-р сараас Омикроны тандалтыг зохион байгуулжээ. 2022 оны 02 сарын 07-ны байдлаар тус лабораторид өгсөн дээжид Омикроны ВА.1 омог зонхилж байгаа нь тогтоогдсон байна.
Одоогоор Омикроны ВА.2 буюу оношилж ялган дүйхэд илүү хүндрэлтэй “Stealth version” нь оношлогдоогүй бөгөөд цаашид энэ хувилбар нь манай улсад тархах өндөр магадлалтай юм. Омикроны ВА.2 хувилбар нь одоогоор дэлхийн 40 гаруй оронд оношлогдоод байгаа бөгөөд нийт Омикроны тохиолдлын 20-40%-ийг эзэлж байна.
Эх сурвалж: https://www.voanews.com/