Хүүхдүүд агаар, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад хамтран ажиллана

Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг өсвөр үе, залуучуудтай хамтдаа хэрэгжүүлж, тэдний оролцоог нь хангах зорилгоор өсвөрийн парламентын гишүүдтэй хамтран ажиллахаар боллоо гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.

Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих өсвөрийн парламентын гишүүн Б.Наранцэцэгтэй хамтран ажиллах амлалт бичгийг баталлаа. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах “Өсвөрийн Парламент хөтөлбөр”-ийг УИХ, Тогтвортой хөгжлийн Зорилгын дэд хороо, Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын “Хүүхдийн Сан”, “People in need”, байгууллагууд хамтран орон даяар хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хөтөлбөрт 21 аймаг 9 дүүргийн 1000 гаруй хүүхдийн анкетыг хүлээн авч, 76 хүүхдийг шалгаруулсан. Завхан аймгаас Өсвөрийн парламентын гишүүдээр Ерөнхий боловсролын Лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн 10а ангийн сурагч Б.Наранцэцэг, Тэс сумын Ерөнхий боловсролын  сургуулийн  9б ангийн сурагч С.Маралжингоо нар сонгогдон ажиллаж байна. Уг хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой юм гэв.

Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүд орон нутгийн ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж хамтран ажиллана

“Өсвөрийн Парламент хөтөлбөр”-ийг орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлж өсвөр үеийнхний санаачилгыг дэмжиж хамтран ажиллах амлалт бичгийг батлаад байна.

Амлалт бичгийг батлах үеэр Завхан аймгийн “Өсвөрийн парламент”-ийн сурагч Б.Наранцэцэг:  -Амлалт бичгийг уур амьсгалын өөрчлөлт, агаар, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн аймгийн, бүсийн хэмжээний хүүхэд залуучуудын чуулганыг жил бүр зохион байгуулах, зохион байгуулалтад хүүхэд, залуусыг оролцуулах. Хүүхэд залуучуудын сайн дурын санал санаачилгыг дэмжиж нөлөөлөл, идэвхжүүлэлтийн ажлыг жилд нэг удаа  зохион байгуулах. Нийтийн мод тарих өдрийг YOUCCAN сүлжээ, Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүдийн хамт зохион байгуулах, арчилгаа, усалгааны ажлыг хүүхэд залуучуудыг оролцуулан хийх. Иргэд болон хүүхэд залуучуудын дунд цаг үеийн судалгаа явуулах ажлыг хамтран явуулж, агаар, орчны бохирдлын талаарх мэдээллийг хамтран түгээх. Нэг удаагийн хуванцар эд зүйлсийг сургууль, ажлын орчинд хэрэглэхгүй байх аяныг аймаг, дүүрэг, сумандаа уламжлал болгон зохион байгуулах. Өсвөрийн парламент хөтөлбөр, YOUCCAN сүлжээний манлайлагч гишүүнийг аймаг, сумын түвшинд сурталчлан танилцуулах гэсэн ажлуудад хамтран ажиллахаар төлөвлөсөн.

Мөн өсвөрийн парламентын гишүүдтэй хамтран байгаль орчны хамгаалал, хүүхэд залуусын оролцооны чиглэлээр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нөлөөллийн ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг орон нутгийн ногоон хөгжлийн бодлого, хүүхэд залуусын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-ын даргад  танилцуулж, дээрх чиглэлүүдэд дэмжин ажиллахыг хүслээ гэлээ.

Харин аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих: -Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагаас үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилго, зорилтоо, тодорхойлж, нийгэм олон нийтэд чиглэсэн ажлууд санаачлан ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн аймгийн ИТХ-аас хүүхэд залуусын хөгжлийг дэмжих бодлого шийдвэр гаргахдаа дээрх хамтын ажиллагааны чиглэлүүдэд ээлтэй мэдрэмжтэй хандаж, боломжит хэлбэрээр дэмжин ажиллахаа илэрхийлж, Өсвөрийн парламентын гишүүдтэй хамтран ажиллах амлалт бичгийг баталлаа гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас тус тус мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *