Нью-Йорк хотод Ази гаралтай эмэгтэй хутгалуулж амиа алджээ

Ням гарагт 35 настай эмэгтэй Нью-Йорк хотын Чайнатаун дахь гэртээ хутгалуулж амиа алдсан явдал АНУ-ын Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн сүүлийнх нь болжээ.

Хохирогч Кристина Юна Ли гэртээ ирэх үед гэмт этгээд дагаж ороод амийг нь хөнөөсөн байна. Сэжигтэн 25 настай Ассамад Нэш гэгчийг баривчлан саатуулсныг Даваа гарагт Нью-Йорк хотын цагдаагийн газар мэдээлжээ. Ли нь дижитал хөгжмийн Splice онлайн платформыг эрхэлдэг компанид ахлах продюсерын албан тушаалд ажилладаг, солонгос гаралтай эмэгтэй юм байна. Цар тахлын үед АНУ-д Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн гаралт тасрахгүй байгаа. Сар хүрэхгүй хугацааны өмнө Нью-Йорк хотын Таймс Скюэрийн метроны өртөөн дээр нэг этгээд Ази гаралтай эмэгтэйг төмөр зам руу түлхэж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан юм.

Одоогоор цагдаа нар Лигийн хэргийг үзэн ядалттай холбоотой гэмт хэргийн ангилалд оруулаагүй байна. Мөрдөн шалгалтын дараа ямар шалтгаанаар түүний аминд халдсаныг тогтоох юм.

Гарсан хэрэгтэй холбоотойгоор Нью-Йорк мужийн захирагч Кэти Хокул, Нью-Йорк хотын дарга Эрик Адамс нар эмгэнэл илэрхийлж, Ази гаралтай иргэдтэйгээ сэтгэл зүрх нэгтэй байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *