Удаа дараа мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүллээ
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүллээ.
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 давхар объектод 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлж, уг хэрэгт 34 настай, эрэгтэй иргэн “Г” гэгчийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Холбогдогч “Г” нь урьд өмнө нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж Зөрчлийн тухай хуулиар 3 удаа торгох шийтгэл оногдуулж байсан. Түүнчлэн мөрийтэй тоглож байсан иргэдээс залилах гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна.
Иргэдээс орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандана уу.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ