ТОДРУУЛГА: Төв талбайн эвдэрсэн хавтанг аль байгууллага хариуцахыг тодруулж байна
Чингисийн талбай дахь гантиг чулуу эвдэрч хуучирсан нь сошиал орчинд шүүмжлэл дагуулж байна. Төрийн ордны гаднах талбайн өнгө үзэмж улс орны нүүр царайг тодорхой хэмжээгээр илтгэнэ.
Түүх сөхвөл нийслэл хотын талбайг 1946 оны АИХ-ын тогтоолоор Дамдины Сүхбаатарын нэрээр нэрийдсэн. 2013 оны 7 сарын 15-с НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Эзэн богд Чингис хааны нэрэмжит талбай гэж нэрийдэхээр заажээ.
Товчоор Чингисийн талбай, Чингис хааны талбай гэж олон нийтэд түгжээ. 2016 оны 8-р сарын анхан шатны шүүхийн шийдвэрээр 2013 оны тогтоолыг хүчингүй болгож Сүхбаатарын талбай нэрийг сэргээсэн юм. Гэхдээ энэ шийдвэрийг МАН сонгуульд ялалт байгуулснаар мөн л өөрчилж одоо Чингисийн талбай гэж нэрлэгдэж буй. Нам засаг солигдоход нэрийг нь сольдог шигээ засвар үйлчилгээндээ анхаарвал зохилтой.
Нийслэлийн төв талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг Хот тохижилтын газар хариуцдаг аж. Харин засвар үйлчилгээг Сүхбаатар дүүргийн тамгын газар хариуцдаг гэнэ. Дээрх эвдэрсэн замыг хэн засахыг нийслэлийн Шуурхай удирдлагын төвөөс тодруулахад “Аль байгууллага засахыг тодруулж байна. Холбогдох мэргэжилтнүүдэд нь мэдээлэл хүргэсэн” гэх хариулт өглөө.