“Уран гулгалтын хатан хаан” Ким Юна Камила Валиеваг ШҮҮМЖИЛЖЭЭ
Бүх цаг үеийн шилдэг уран гулгагчдын нэг, БНСУ-ын тамирчин Ким Юнаг “Уран гулгалтын хатан хаан” хэмээх нь бий. 2014 онд зодог тайлсан тэрээр Бээжингийн олимпын үеэр допингийн асуудалд нэр холбогдоод буй ОХУ-ын тамирчин Камила Валиеваг шүүмжилжээ.
Ким Юна хэлэхдээ “Допинг хэрэглэсэн тамирчид тэмцээнд оролцох боломжгүй. Энэ зарчмыг үл тоомсорлож болохгүй. Тамирчдын хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл бүгд адилхан үнэ цэнтэй” хэмээн өөрийн инстаграм хуудаснаа бичжээ.
Спортын арбитрын шүүхээс ОХУ-ын тамирчин Камила Валиеваг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцохыг зөвшөөрсөн. Гэхдээ допингийн асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаа тул Валиевагийн түрүүлсэн уран гулгалтын багийн тэмцээний медалийг тамирчдад гардуулах ёслол хийхгүй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд медалийн болзол хангасан тохиолдолд шагнал гардуулахгүй байх шийдвэрийг ОУОХ-ноос гаргаад байна.