“Бид “Гантиг вилла” төслийг 100 хувь худалдаж авсан учир одоо УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай холбоогүй”
“Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд групп” компаниас Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийв.
“Эй Би Трейд” Группийн захирал А.Ууганбаяр:
“Зайсанд баригдах Гантиг Вилла төслийг 2019 онд худалдаж авсан. Анх “Гантиг вилла” төслийг 2012 онд “Бишрэлт пропертийз” компани эхлүүлсэн. 2014-2016 оны хооронд хотхоны гадна фасад, доторх сангийн ажлуудыг хийж дуусгасан. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай холбоотой байсан. Харин бид 2019 онд Бишрэлт группээс “Монгол мах экспо” компани болон “Бишрэлт пропертийз” компанийн “Гантиг вилла” төслийг 100 хувь худалдан авсан юм. Үүнээс хойш эдгээр төсөл Бишрэлт групп болон УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа ямар ч холбоогүй болсон.
2019 онд Коронавирусийн халдвар Монголд гарах хүртэл бизнесийн цэвэр ашгаар 8.4 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтдөө төлсөн. Сүүлийн хоёр жилд “Монгол мах экспо” компани маань дотоодын нөөцийн махыг нөөцөлж байсан. 1000 м.кв-тай дээгүүр нь шувуу ч нисэхгүй, доогуур нь хулгана ч явахгүй Олон улсын стандарт шаардлага хангасан үйлдвэрээ Хөгжлийн банканд барьцаалж зээл авах хүсэлт гаргасан. Гэтэл хүрэлцэхгүй болонгуут Гантиг Вилла төслийн 9 объектыг барьцаалсан.Одоо хүртэл үйлдвэр маань хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа ч хил хаалттай учир гадагшаа экспортлох боломжгүй байна. Хэрэв хил нээгдэж гадагшаа экспортлох боломжтой бол Гантиг Вилла төсөл зээлээ эргэн төлөх бүрэн боломжтой” гэв.