Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хороо хуралдлаа.
Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлан, 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Мөн Монгол Улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Өнгөрсөн онд тус хорооны төлөвлөж хийсэн ажлын хүрээнд газрын харилцаа, хот зохион байгуулалтын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх талаар онцгой анхаарч ажилласан талаар тус хорооны нарийн бичгийн дарга А.Энхманлай хэллээ. Уг ажлын дүнд иргэд газрын харилцаатай холбоотой 36 үйлчилгээг цахимаар авч эхэлсэн бөгөөд 600 гаруй сая төгрөгийг бодитоор хэмнэсэн судалгаа гарчээ. Уг ажлыг цаашид өргөжүүлэхэд хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг Шадар сайдад уламжиллаа.