Хяналтын хороо нэрээр шүүхээс давсан эрхтэй болов уу
Хөгжлийн банкийг шалгах УИХ дахь ажлын хэсгээс өнөөдөр /2022.02.23/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулах, тус банкийг шалгах ажлын хэсгээ өргөжүүлж хяналтын хороо байгуулах санал дэвшүүлж буйгаа мэдээллээ. Тус ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ нар ажлын хэсэгт багтаж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөгжлийн банкинд ажлын хэсгийн хүрээнд шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль хяналтынхан аваад явчихсан. Дээрээс нь аж ахуйн нэгжийн нууцад хамаарах дансыг харах эрх байхгүй. Мөн өмнөх захирлуудыг дуудаад зээл авахад хэн нөлөөлсөн бэ гэдгийг тогтоох эрх байхгүй. Тиймээс хянан шалгах түр хороог байгуулах нь зүйтэй. Түр хороо байгуулбал мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүн дуудаж байцаах, шинжээч томилох эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, түр хороо Хөгжлийн банкны асуудлыг хэдэн жилээр нь хойш тавьж буй хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг дуудаж байцаах эрхтэй болно” гэсэн юм.
Ийнхүү ажлын хэсгийн гишүүд Хөгжлийн банкны асуудлыг улс төржүүлж, хууль шүүхээс давсан эрхтэй болохоор эрмэлзэж байгаа бололтой.