“КАПИТАЛ БАНК”-ААС битүүмжилсэн 118 тэрбум төгрөгийг НДЕГ, ЭМДЕГ-т хувааж өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.

Татан буугдсан “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж  байгаа арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

“Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр татан буулгахад Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Энэ дагуу эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс тус бүр хоёр даатгалын санд 7.7 тэрбум төгрөгийн мөнгийг шилжүүлсэн. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс эрүүл мэндийн даатгалын санд 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Тухайн газрууд уг шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, сангуудад эргэн төвлөрүүлэх байдлаар явж буй талаарх мэдээллийг бид нарт өгсөн.

Капитал банканд хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгийг шилжүүлэхээр тохирсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий 195 ширхэг үл хөдлөхийн барилга, үнэлгээ бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэхээр боллоо.

Энэ ажил ойрын хугацаанд хийгдэж дуусна. Битүүмжлэлийг дуусгаж шилжүүлж өгснөөр дээрх сангууд дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан худалдах ажил хийгдэнэ.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгө дотор:

  • Үйлчилгээний объект 44 ширхэг 52.4 тэрбум төгрөг,
  • 7 үйлдвэр 1.9 тэрбум төгрөг,
  • 46 орон сууц 32 тэрбум төгрөг,
  • 82 газар 26.6 тэрбум төгрөг,
  • 4 зоорь 2.3 тэрбум төгрөг,
  • 3 дуусаагүй барилга 656 сая төгрөг,
  • 7 фермийн барилга 228 сая төгрөг,
  • 6 гарааш 564 сая төгрөг гээд нийт 195 ширхэг үл хөдлөхийн барилга байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *