Олимп, паралимпын наадам, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад энэ жил нийт ₮1.8 тэрбумыг олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Өнөөдрийн хуралдаанаар
- 2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жилээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн эд хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт даалгав.
- Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран байгуулсан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тус түншлэлд одоогоор 13 орон гишүүнээр нэгдэж ороод байна.
- Олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад даалгав.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг 2022 оны гуравдугаар сарын 7-11-нд ОХУ, Беларусь улсад ажиллахыг зөвшөөрч, ажиллах удирдамжийг баталлаа.
- Энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.