“Хотулун Гүнж” кино Berlinale наадамд амжилттай оролцов
“Шүүдэр” продакшн, VОО-н хамтын бүтээл Хотулун гүнж түүхэн, тулаант уран сайхны кино ХБНГУ-д зохион байгуулагдсан 72 дахь удаагийн Berlinale олон улсын кино наадмын “Eвропын кино зах зээл” хөтөлбөрт амжилттай оролцов. Кино наадам энэ сарын 10-20-нд Берлин хотод болжээ.
“Berlinale” нь жил бүрийн хоёрдугаар сард Берлид болдог, дэлхийн гурван том, А зэрэглэлийн кино наадмын нэг юм. Энэ жил нийт 62 орны 600 орчим оролцогч Berlinale-EFM платформыг ашиглан үйл ажиллагаагаа танилцуулж, 1.300 орчим зах зээлийн үзүүлбэр, 827 кино үзүүлжээ. Эдгээрээс 600 гаруй нь зах зээлийн нээлтээ хийж, үүнд Монголоос Хотулун гүнж кино багтсан байна.
Berlinale-EFM нь дэлхийн кино, контентын салбар, түүний эдийн засгийн хөгжилд чухал түлхэц үзүүлдэг. Энэ удаа “Хөгжлийн өөрчлөлт” сэдвээр олон улсын кино, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус байгууллагын захирал Деннис Руу уг үйл ажиллагаа шинэ кино, контент олж авах хүсэл эрмэлзэл, лиценз эрхийн арилжааны эрэлт өссөн нь хүчтэй мэдрэгдэж байсныг дурдав. Улмаар Монгол, Коста Рика, Малайз, Уругвай зэрэг улсын төлөөлөл, компаниуд анх удаа оролцож буйг онцлов.
“Шүүдэр” продакшн үзэсгэлэн худалдааны виртуал орон зай авч, үйл ажиллагаа, шинэ бүтээлээ танилцуулан, энэ сарын 11, 14, 16-нд киногоо толилуулав. Монгол Улсын ГХЯ, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах багт “Шүүдэр” продакшны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэг, VOO-гийн контент продюсер доктор Д.Цэнгэл, Соёл, урлаг, хэвлэл, мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө ТББ /AMPMC NGO/, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа нар амжилттай хамтран ажиллав гэж ГХЯ-наас мэдээлэв.