|

“Хөвсгөл нуурыг хамгаалах” үндэсний чуулган 2 дахь өдрөө үргэлжилж байна

ХӨВСГӨЛ НУУР НЬ Монгол орны цэвэр усны хамгийн гол нөөц бөгөөд нийт цэнгэг усны 74,6%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулдаг. Монгол орны гадаргын усны нөөцийн 93%-ийг багтаасан стратегийн бүтээгдэхүүнд ордог. Монголын хамгийн их эзлэхүүнтэй (381 км³), хамгийн гүн нуур юм.  Энэ нь Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах үзүүлэлт ба  Дэлхийн 17 эртний нуурын нэг бөгөөд 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд нийлдэг. Хөвсгөл, Байгал нуур хоёрын хоорондын шууд зай нь ердөө 200 км ч Монгол орноороо 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Ард олондоо “далай ижий” хэмээн хүндлэгдэн шүтэгдэж ирсэн ийм сайхан нууртаа эзний сэтгэлээр хандаж “Хөвсгөл нуурыг хамгаалах”-д хүн бүрийн оролцоо чухал юм.
“ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” 2 дахь өдрөө нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна.  Өнөөдрийн хэлэлцүүлэгт:
  • Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал,
  • Хөвсгөл нуурын тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх,
  • Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал,
  • Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагаа зэрэг илтгэл танилцуулагдана.
  • “Хөвсгөл нуурыг хамгаалах” Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанаас зөвлөмж гарч, Засгийн газар, УИХ-д танилцуулагдан тус зөвлөмжийн хэрэгжилтийг БОАЖЯ хариуцан ажиллах юм.
Нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ удирдан явуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *