НЭМГ харьяа эрүүл мэндийн байгууллагынхаа тайлан, стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудынхаа  өнгөрсөн оны ажлыг дүгнэж, дараагийн таван жилийн стратеги төлөвлөгөөтэй танилцан, арга зүйн зөвлөгөө болон үүрэг чиглэл өгөх хурлыг 2022.02.16-18-ны өдрүүдэд гурван өдрийн турш зохион байгууллаа.

Засгийн газрын бодлого чиглэл, “Алсын хараа 2020, 2050”, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан эрүүл мэндийн бодлого чиглэлд нийцүүлэн чиглүүлэх зорилгоор НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудын стратеги төлөвлөгөөтэй танилцаж, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Хуваарийн дагуу 2022.02.17-ны өдөр Сүхбаатар эрүүл мэндийн төвийн дарга П.Бат-Ирээдүй, Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, Туул тосгоны эрүүл мэндийн төвийн дарга М.Цоггэрэл, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийн дарга М.Саранцэцэг болон Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ, Хан-Уул нэгдсэн эмнэлгийн дарга Т.Энхзаяа, Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат, Нийслэлийн Зооноз өвчин судлалын төвийн дарга М.Мөнгөнцэцэг, “Эрүүл үрс” хүүхдийн клиник сувиллын дарга Ш.Саруултуяа нар тус тус өнгөрсөн оны гүйцэтгэлийн тайлан, цаашдын Стратеги төлөвлөгөөгөө танилцуулж, НЭМГ-аас заавар зөвлөгөө авч хэлэлцлээ.

НЭМГ-ын зүгээс харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээний биелэлт, үүрэг даалгаврын биелэлт гэсэн гурван чиглэлээр дүгнэж байгаа юм. Харин цаашдын үйл ажиллагаа, бодлого чиглэлийн стратеги төлөвлөгөөтэй танилцахдаа бодлого чиглэл, холбогдох тогтоол шийдвэрийн дагуу гүйцэтгэсэн байдал, Нийслэлийн болон НЭМГ-ын стратеги төлөвлөгөөний уялдаа холбоо, байгууллага болон үйлчлэх хүрээ, газар нутаг, хүн амын онцлогт нийцүүлэн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг тодорхойлсон байдлыг дүгнэв.

Тайлангийн хурлаас заримыг товчоор онцолбол, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг дараагийн таван жилд шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх, ариутгалын болон хог хаягдлын олон улсын стандарт шаардлагад нийцсэн менежментийг нэвтрүүлэх, мэс заслын тусламж үйлчилгээгээ өргөтгөх ажлыг хийхээр төлөвлөсөн байсан бол Хан-Уул эрүүл мэндийн төв цаашдын таван жилд хүний нөөцийн мэргэжлийн чадамж, тусламж үйлчилгээний чанараараа Нийслэлийн хэмжээнд тэргүүлнэ хэмээн зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн тус эмнэлэг хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээгээ 2022-2025 онд Харвалт, шигдээсийн дараах нэгж байгуулж, сэргээн засах, уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээгээ өргөжүүлэхийн зэрэгцээ гемодиализ, хими, хөнгөвчлөх эмчилгээг өргөжүүлэхээр төлөвлөж, амбулаторийн тусламж үйлчилгээндээ хоол боловсруулах эрхтний дурангийн болон урологийн тусламж үйлчилгээгээ улам өргөжүүлж, компьютер томографын оношилгоо, шинжилгээг нэвтрүүлэхэд голлон анхаарч ажиллах аж.

Хан-Уул нэгдсэн эмнэлгийн тухайд “Телемедицин төсөл” болон “Цахим эмч” төсөл, эмнэлгийн тусламж үйлчилгээний зарим төрөлд Олон улсын ISO стандарт болон Сэтгэл заслын эмчилгээг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд цаашдаа санхүүгийн болон эмийн программ нэвтрүүлэх, Азийн хөгжлийн банкны ЭМСХХ-4 төслийн хүрээнд шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Наркологийн эмнэлэг нь Донтох эмгэг судлалын төрөлжсөн мэргэжлийн төвийг байгуулах ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн гэрээр үзүүлэх явуулын тусламжийг бэхжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, донтох эмгэгтэй өвчтөн болон хүүхдийн сэтгэл зүй, хосын харилцаа гэх мэт сэтгэлзүйн туслалцаа, үйлчилгээ өгөхөөр стратеги төлөвлөгөөндөө тусгажээ. Дашрамд тус төв нь өвчтөн, үйлчлүүлэгчдийнхээ биеийн байдлыг эмчилгээний дараа гурван жилийн хугацаанд хянадаг болсон бөгөөд одоогийн байдлаар 1200 гаруй үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг хянаж байна.

Харин 2022.02.18-ны өдөр Чингэлтэй эрүүл мэндийн төвийн дарга Ч.Лхагва, Багахангай эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат, Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль, Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн дарга Ц.Олонбаяр, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн дарга Ч.Өнөрсайхан, Энэрэл эмнэлгийн дарга Г.Одончимэг, Сэргээн засах клиник эмнэлгийн дарга Ц.Чанцал, Хонхор тосгоны эрүүл мэндийн төвийн дарга А.Амаржаргал нар байгууллагынхаа 2022-2025 оны стратеги төлөвлөгөө, онцлох ажлуудаа танилцуулж байна.

Сонгинохайрхан эрүүл мэндийн төвөөс онцлоход, ирэх онд өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, мэс заслын болон харвалт шигдээсийн тасаг, Нийгмийн эрүүл мэндийн төвийг тусад нь байгуулахаар төлөвлөжээ. Мөн “World share” ОУБ-д “Өсвөр үеийн кабинет”-г байгуулах төслийг хамтран ажиллах аж.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд хими эмчилгээ, гемодиализ, мэдээгүйжүүлэг хагалгааны тасаг, эмгэг судлалын тасгийг тус тус нээж үйл ажиллагаагаа өргөтгөжээ. Цаашид төлөөлөн удирдах зөвлөл байгуулах замаар эмнэлгийн хагас бие даасан байдлыг хөгжүүлж, нэгдсэн сүлжээнд холбогдсон лаборатори Хүүхдийн ерөнхий мэс засал, төрөхийн тусламж, Нярайн тусламж зэрэг олон арван бие даасан үйлчилгээг нэвтрүүлэхээр стратеги төлөвлөгөөндөө багтаажээ. Мөн эм зүйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх электрон хэлбэрээр эм бичих модуль, бичил биетний эсрэг эмийн эмчилгээний зохистой хэрэглээг төлөвшүүлэх тандалт, хяналтын тогтолцоог төлөвшүүлэх тухай багтаажээ. Түүнчлэн жил дараалан лаборатори, хүүхэд, сувилахуй, мэс засал зэрэг тусламж үйлчилгээ бүртээ үе шаттайгаар ISO нэвтрүүлэхээр бэлтгэж байна.

Багахангай эрүүл мэндийн төв нь цаашид төсөвт байгууллагаас гүйцэтгэлээр санхүүждэг эрүүл мэндийн байгууллага болсноор санхүүгийн хувьд төсөвт баригдахгүй үйл ажиллагаагаа байгууллагынхаа онцлогт тохирсон төсвийг бүрдүүлж ажиллах, улмаар үндсэн тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэх, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх юм.

Энэ мэт холбогдох бодлого, чиглэлд нийцүүлж, хүрэх үр дүнг тодорхой тооцож, дараагийн таван жилд эрүүл мэндийн салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулахад сайжруулахад чиглэсэн олон арван ажлыг тусгажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *