|

МАН Булганыг “булайнуудаас” нь салгана

МАН аймгуудын намын  хурлаа зохион байгуулж, сарын 28-наар жигдээрээ шувтарна. Энэ өдөр хурал товлогдсон аймгуудын нэг нь Булган. Төв МАН-ын бодлого бол ямар ч байсан намаа УИХ-ын хоёр булай гишүүнээсээ холхон байлга гэсэн чиглэлийг Булганы намынханд өгсөн сурагтай. Нэг ёсондоо хоёр ах дараагийн сонгуульд Булганд дэвших эрхгүй гэсэн үг.

Гэсэн ч Ц.Анандбазар намын даргаар сулхан хүн тавиулж, 2024 он хүртэл Булганы МАН-ыг навс унагаад өөрөө бие дааж гишүүн болохоор АН-тайгаа яв цав тохирсон гэсэн яриа Тусгаар тогтнолын ордон дахь дарга нарыг чихийг аль эрт дэлсчээ.

Энэ санаархлаар нь бол 28-ны хурлыг жинхэнэ үймүүлэх хэрэг. Үүндээ жийрэг болгож Э.Мөнх-Очирыг би зүтгүүлж байгаа гэж ярьсныг нь “Зүтгүүлдэг нь Ананд уу, Очир уу…” гэж МАН-ынхан шоолсон сурагтай. Харин ч Э.Мөнх-Очирыг саяхан Булганы нутгийн зөвлөлийг Анандад өгч гэж шуугиад байсан. Очир нь Анандыг “ивээлдээ” авсан юм биш үү ч гэлцэж. Ямартай ч, Э.Мөнх-Очир Булганы намын даргад дэвших эрхээ эдэлнэ хэмээн өргөдөл өгсөн аж. Тэрбээр, Булган аймгийн Булган сумын дөрөвдүгээр үүрийн гишүүн миний бие намын дүрмийн 4.1.2-т заасны дагуу МАН-ын хорооны даргад нэрээ дэвшүүлье гэсэн байна гэнэ.

Гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрөө нэр дэвшие гээд МАН-ын удирдлагад амаа алгадуулжээ. Тиймээс Булганаас нэг, хотоос нэг төлөөллөө өөхөнд боогоод шидэж байна. Боосон өөхний нэг нь НАМЗХ, нөгөө нь хөрсөн дээрээсээ буюу аймгийн төвийн дарга гэхчилэн Булганы буурийг сахьсан уугуул хүн гэсэн утга. “Сахал” өөрөө болон Ц.Анандбазар, өмнө нь байсан Ё.Отгонбаяр бүгд Булганых биш болохоор уугуул хүнийг хүсэмжлэх нийтийн сэтгэлзүйг дагуулсан тонгороо хэдий ч Б.Наранбаяр намдаа нэр, хүндгүй.

Чухамдаа бэлчээргүй гэх. Бууриа сахьдаг ч бай, хотод суудаг ч бай “сахал”-ын хувилсан дүр болсон хүмүүс гэдгийг МАН-ын удирдлага үнэрлэж таарна. Тэдний хэн нэгийг намын дарга болгочихдог бол нөгөө Булганыг булайнуудаас нь салга гэж хэдхэн хоногийн өмнө Тусгаар тогтнолын ордонд сүртэйхэн хэлэлцсэн хурлын шийдвэр үнсэн товрого болно гэсэн үг.

Мөн намдаа хүсэлт гаргасан дараагийн кандидат Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам. Орон нутгийн сонгуульд сумаа ялагдуулсан тэрбээр улстөрийн амжилтаараа ч, насны хувьд ч “тэтгэвэртээ” суухад тулсан тул дэмжлэг авах хамгийн бага магадлал. Дээр дурьдсанчлан булганчуудын сэтгэлзүй бол “Бусад нутаг өөрийн уугуул, суугуул, гарал угсаатай хүнээ төрд илгээн хөгжиж дэвжиж байна.

Харин Булганыг эзгүйчлээд энд тэндэхийн хэсүүлчин, тэнүүлчид ашиглах тул өрсөлдөх чадвараараа ч улсдаа сүүл мушгих болсон…” гэж шувуу бүхэнд үг дайж, шуудан бүхнээр захиа илгээнэ гэгч болжээ. Ер нь “сахал” ч, Б.Наранбаяр ч, Ш.Насандулам ч бүгд Булганы намын өнөөгийн ялагдлыг яах аргагүй хийсэн хүмүүс.

Тэд намын дарга болно гэж далдаганах биш харин ч хариуцлага хүлээх ёстой гэж үзэх хүмүүс МАН-ын удирдлагад ч хэсэг бусаг, Булганы нам бултаараа гэнэ. Нэг нам удаан засаглахын ач холбогдлыг ярих болсон МАН-ын удирдлага гурав дахиа үнэмлэхүй биш гэхэд ялахын тулд угийн улаан өнгөтэй Булганыг одоо л хүний хүнд биш унаган нутгийн нь хэн нэгэнд өгвөл зах замбараагүй хэрүүл маргаан нь арилах арга байх юм уу, үгүй ч юм уу.

Саяхан болсон МАН-ын XXX Их Хуралд Булганы нам л мундараа хутгасан гэдэг шүү. Аргаа барсан МАН-ын генсек “Намын лидер гэдэг намын гишүүн бүхэнд харагдсанаараа манлайлдаггүй. Манллайллыг олон замаар үнэлж байна. Булганыхан энэ буруу зөрүү ойлголтоо засах хэрэгтэй…” гэж хамгийн их хэрүүлтэй, тэмцэлтэй байсан Булганыхны шуугианыг дарсан байдаг.

Эх сурвалж: Niislel.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *