Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг ээлжит багц хориг арга хэмжээнүүдээ зарлаж эхэллээ
Пүрэв гарагийн үүрээр ОХУ-ын цэрэг Украины газар нутагт нэвтрэн орсны дараа АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд дараагийн ээлжийн эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ зарлаж эхэллээ.
Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Путин бол түрэмгийлэгч. Путин энэ дайныг сонгосон. Бидний зарлаж буй хориг арга хэмжээ Оросын эдийн засагт шууд болон урт хугацаандаа том хохирол учруулах болно” гэж хэлжээ.
Энэ удаагийн хориг арга хэмжээний хүрээнд Оросын дөрвөн том банкны АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, ОХУ-ын АНУ-аас авдаг технологийн импортын талаас дээш хувийг хориглохоор болсон байна.
Мөн олон тооны олигархийг хар жагсаалтдаа нэмж оруулахаар болжээ.
Эдгээрээс гадна ОХУ-ын доллар, евро, фунт, иенээр худалдаа хийх боломжийг хязгаарлахаар болсон байна.
Харин олон улсын банкны сүлжээ SWIFT-ээс ОХУ-ыг салгах арга хэмжээг энэ удаа хойшлуулахаар болжээ.
Энэ үеэр Байден улс орон нь Украин дахь Оросын мөргөлдөөнд шууд оролцохгүйг дахин батлаад харин NATO-гийн гишүүн орнуудын газар нутгийг хамгаалахаа амласан байна.
Уг амлалтын хүрээнд Герман дахь АНУ-ын цэргийн хүчийг нэмэгдүүлэхээр болжээ.
Даваа гарагт Украины дорнод бүсийн Донецк, Луганск мужуудын тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрсний дараа АНУ эхний ээлжийн хориг арга хэмжээгээ зарлаж байв. Дараа нь Оросын “Умард Урсгал II” хий дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэгч компанийг эдийн засгийн хоригт оруулснаа зарласан юм.
Их Долоогийн бүлгийн орнууд өчигдөр Украины хямралтай холбогдуулан ОХУ-ын эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээний талаар зөвлөлдсөний дараа ийнхүү ээлжит алхмууд хийгдэж эхэлж байна.
Европын Холбоо одоо ямар арга хэмжээ авахаа эцэслэн шийдэж байгаа.
Өчигдөр бас Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон ээлжит хориг арга хэмжээнийхээ төлөвлөгөөг парламентдаа танилцуулсан юм.
“Путин дэлхийн өмнө, түүхийн өмнө яллагдах болно. Түүний гарнаас Украины цус хэзээ ч арилахгүй. Бид Орос улсыг дэлхийн эдийн засгаас хэсэг хэсгээр, өдөр өдрөөр шахаж гаргах хатуу зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно” гэж Жонсон мэдэгджээ.
Тэрбээр нийт 10 төрлийн эдийн засгийн хоригийг авч хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө энэ үеэр танилцуулсан юм.
Эдгээрийг товч дурдвал:
- ВТБ банкийг оролцуулаад Оросын бүх том банкны хөрөнгийг битүүмжлэх
- Оросын бүх том компанийн Их Британийн зах зээлээс хөрөнгө босгох, Оросын засгийн газрын өрийн бичгийг арилжаалах боломжийг хаах хуулийн төслийг яаралтай өргөн барих
- Оросын төрийн өмчит компаниуд, Кремлийн ойрын хүрээллийн олигархиуд зэрэг нийт 100 гаруй этгээдийг хоригоор шийтгэх. Ингэснээр олигархиуд Британийн сургуулиудад сурдаг хүүхдийнхээ төлбөрийг төлөх боломжгүй болох юм байна.
- Оросын агаарын тээвэрлэгч Аерофлот компанийн нисэх онгоцнуудыг Их Британид хүлээж авахгүй болох
- Орос улсад олгосон давхар зорилгоор ашиглах боломжтой экспортын лицензүүдийг бүгдийг цуцлах. Үүнд электроник эд анги, автомашины сэлбэг зэрэг иргэний болон батлан хамгаалах зориулалтаар давхар ашиглах боломжтой бүтээгдэхүүнүүдийн экспорт багтаж байна.
- Өндөр технологийн экспорт, тухайлбал газрын тос, байгалийн хий олборлолтод ашиглагддаг техник хэрэгслүүдийн нийлүүлэлтийг хориглох
- Оросын иргэдийн Их Британийн банкуудад эзэмших дансны үлдэгдэлд хязгаар тогтоох. Хэмжээний хувьд дээд тал нь 50,000 фунт стерлинг байх хувилбар яригдаж байна.
- Олон улсын банкны сүлжээ SWIFT-ээс ОХУ-ыг хасах төлөвлөгөөн дээр холбоотнуудтайгаа хамтран ажиллах
- Украиныг эзлэн түрэмгийлэх ажиллагаанд оролцож буй Беларусь улсын эсрэг эдийн засгийн хоригоо өргөжүүлэх
- Эх үүсвэр тодорхойгүй мөнгө хөрөнгийг хязгаарлах эдийн засгийн гэмт хэргийн хуулийг улам чангатгах
Эх сурвалж: Associated Press, AFP, Reuters