Иргэд шатахууны “ХИЙМЭЛ ХОМСТОЛ” үүсгэж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах тушаалын дагуу Оросын арми Украины өмнөд, зүүн бүс рүү өчигдрөөс дайралт хийгээд байгаа билээ.
Тухайн хоёр улсын хоорондох дайны хэмжээнд тулсан үйл явдал бусад хөрш орнууд болон дэлхийн энх тайван байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд манай улсын хувьд Орос улстай хил залгаа оршдог тул үймээний хөлд даруулж болзошгүй эрсдэл бий.
Тодруулбал, шатахууны хэрэглээний 97 хувийг ОХУ-аас хангадаг. Иймээс хойд хөрш улс маань дайны субъект болсонтой холбогдуулан манай улсын шатахууны импортод удаашрал үүсэж болзошгүй гэж таамагласан иргэд шатахуун түгээх газруудад дугаарлаж эхэлсэн тухай цахим хуудсанд тархаж иргэд “Хиймэл хомстол” үүсгэж байна.
Одоогоор шатахууны тээвэрлэлтэд асуудал үүссэн гэх албаны мэдээлэл байхгүй. Хэвийн импортын ажиллагаа явагдаж байгаа тул иргэд та бүхнийг “Хиймэл хомстол” үүсгэхгүй, тайван байхыг зөвлөе.