Г.Буяндорж “ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВЬЖ” эхнэрээрээ бамбай хийв
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн хүдэр авахаар гэрээ хийсэн Хятад иргэнийг залилж, хуурамч бичиг баримтаар 1.2 сая доллар завшсан хэрэгт холбогдсон Г.Буяндорж хоёр өдрийн эхнэр хүүхдүүдээ хажуудаа суулган хэвлэлийн хурал хийлээ.
Хурлынхаа дараа хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд эхнэр МУГЖ Т.Ариунаагийн хамт суулт зарлаж олныг “шуугиулав”. Олон нийт Г.Буяндоржийн холбогдсон хэргийн учир зангилаанд бус хайрлаж, биширдэг дуучнаа хаврын салхинд жиндэн гундуу зогсч буйд эмзэглэж, өрөвдөж, уухайлан дэмжив.
Г.БУЯНДОРЖИЙГ ЦАГААТГАСАН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ
Тэгвэл Г.Буяндорж гэдэг хүн үнэхээр хэлмэгдсэн үү гэдэгт анхаарлаа хандуулъя. Өнгөрсөн жил сонгуулийн өмнөхөн хууль бусаар ажилласан прокуроруудыг шалгуулна хэмээн тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдод баримт гэх дугтуй гардуулж, сүржин мэдэгдэл хийж байв. Г.Буяндоржийг шүүхээс цагаатгасан гэх мэдээлэл цацагдаж, олон нийт цагдаа, прокурор, шүүх хууль бусаар ажиллажээ гэцгээгээд нам жим болсон.
Хэдийгээр Г.Буяндорж өөрийгөө цагаадсан, жил гаруй хууль бусаар цагдан хоригдсон гэж мэдэгдсэн ч шүүхийн процесст уг хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй л байсан юм. Энэ нь ч одоо батлагдаж дахин тэмцэл, суулт, өлсгөлөнгөөр үргэлжилж байна. Эл үйл явдал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж байгааг улстөржүүлэн харах хэсэг байхад шүүх хурал нь тулчихсан учир эхнэрээрээ бамбай хийлээ гэж үзэх хэсэг байна.
Иймд түүнийг чухам ямар хэрэгт холбогдуулан шүүх гээд байгааг сийрүүлье.
“Ноёд” групп, “Сэлэнгэ ноёд” компанийн захирал, Г.Буяндорж, нутгийн ах Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Хурцаа нар нь төмрийн хүдэр авахаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн хятад иргэн Шиан Дун Шэний хоёр сая доллароос 1,2 саяыг нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан гэх хэрэг 2011 оноос шалгагдаж эхэлсэн.
Хохирогч хятад иргэнийг Монголд анх ирэхэд нь Хурцаа нь Буяндоржтой уулзуулжээ. Ингээд Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй төмрийн гэрээ хийхэд зуучлан ажиллах, зуучлалын хөлс өгөхөөр харилцан тохирч. Гэрээний нөхцлийн дагуу төмрийн хүдрийн үнээс хоёр сая долларыг нийлүүлэгчийн дансанд шилжүүлжээ. Энэ үед хятад иргэн болон зуучлагч нарын хооронд маргаан гарсан аж. Хятад иргэн хөлсөнд 500 мянган доллар өгнө гэхэд зуучлагч нэг сая гэжээ. Монгол зуучлагч нь нийлүүлэгчтэй төмрийн хүдрийн гэрээ байгуулсан дараа хөлсөө авна гэхэд хятад иргэн хүдэр ачуулсаны дараа л өгнө гэх мэтээр маргалдсан гэнэ. Зуучлагч хөлсөө урьдчилж өгөхгүй бол нэг ч тонн хүдэр ачигдахгүй гэсэн тул 60 мянган долларын урьдчилгаа өгсөн гэж хятад иргэн мэдүүлсэн.
Энэ зуур нийлүүлэгчийн байдлаас шалтгаалаад гэрээт төмрийн хүдэр ачигдахгүй л байжээ. Хятад иргэн хүлээсээр залхаж нутаг буцахдаа орчуулагч Хурцаад компанийхаа тамгатай хоосон бланк гурвыг үлдээсэн гэнэ. Зуучлагч нар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс хүдрээ хэдэнтээ нэхээд эцэст нь мөнгөө буцааж авахаар шийджээ. Хүдрийн эзэн хятад иргэн Шиан Дун Шэн нь хоёр сая доллароос 1,2 саяыг нь авахыг монгол зуучлагчдаа зөвшөөрсөн болж таарчээ. Нийлүүлэгч ч гэрээгээ цуцлахыг зөвшөөрсөн байна. Ингээд өнөөх бланк дээр хүсэлт бичээд төмрийн хүдрийн үнэнд шилжүүлсэн мөнгөнөөсөө 1,2 сая долларыг “Скай тауэр Энхбуян” компаний дансаар буцааж авсан аж. Энэ компанийн захирал нь Ч.Ууганбаяр хэдий ч Г.Буяндоржийн мэдлийх гэдэг.
Хэрэг явдлыг мэдсэн хятад иргэн Монголд ирэнгүүтээ цагдаад хандсанаар олон жилийн маргаан эхэлсэн байдаг юм.Мөнгө ч үгүй, төмрийн хүдэр ч үгүй үлдсэн Хятад иргэн нутагтаа очоод хуулийн хариуцлага хүлээж хоригдсон гэх мэдээлэл бий. Ингээд өнгөрсөн жил буюу 2020 онд Монгол Улсад дахин ирж, мөнгөө олж авахаар хөөцөлдсөн гэх. Харин Г.Буяндорж “Хятад иргэнийг монголын прокурорууд өөрсдөө авчирсан” гэх үгийг УЕП-т хүргүүлсэн шаардлагатаа дурджээ.
Мөн Г.Буяндорж хэргийг 10 гаруй жил шалгаж, залхаан цээрлүүлсэн гэх асуудал тавьж буй. Хэрэг явдлыг эхнээс нь хөөвөл 2017 онд прокурорт шилжин ирсэн байдаг. Хэргийн мөрдөн шалгалтын ажил удааширсан нь иргэн Г.Буяндоржийн өөрийнх нь гаргасан гомдлуудтай бас хамааралтай байсныг хуулийнхан хэлдэг.
ШҮҮХ ХУРАЛ ОЙРТСОН ТУЛ САНДАРЧ ЭХЛЭВ ҮҮ?
Г.Буяндорж нарын тухайд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч хуулийнхан гэмт хэргийн аргаар ашиг олсон гэж үзсээр байна. Учир нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хэрхэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй аж. Одоогийн байдлаар Г.Буяндорж нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоолыг цуцлагдсан хэвээр байгаа.
Энэ хэргийг хэлэлцсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны хоёрдугаар сарын 27-ны 97 дугаартай тогтоолд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь гэрээний нэг талын төлөөлөгч Шиан Дуншэнийг төлбөрөө буцаан нэхэмжилсэн мэтээр хууртагдаж, төөрөгдсөн нөхцөл байдал үүссэн байхад Шиан Дуншэн, эсхүл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хэн нь энэ үйлдэлд хохирогчоор тогтоогдох талаар ямар нэг үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэж анхан шатны шүүхийг буруутган, энэ асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ дээд шатны шүүхүүдээс гарсан дээрх шийдвэрийг үл хайхарч, тухайн асуудлаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хэмээн дүгнэж дахин хэлэлцүүлэхээр болсон юм.
Уг хэргийн шүүх хурал цаг хугацааны хувьд нэгэнт тулж ирсэн тул Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн эгзэгтэй үеийг ашиглаж ийнхүү суулт, өлсгөлөн, тэмцэл рүү шилжсэн гэж хардах үндэстэй. “Үхэхдээ үхэр буугаа тавих” хэмээх монгол хэлцийг ЭЦСИЙН АРГАА ХЭРЭГЛЭХ гэж утгачилна. Тэгвэл Г.Буяндорж эхнэр, хүүхдээрээ бамбай хийн эцсийн аргаа л хэрэглэж байна.
С.Отгон
One Comment