Он гарсаар хоёр сарын хугацаанд 55 хүүхэд алга болжээ
Ердөө гурван сая гаруй хүн амтай манай улсад жилд 1000 гаруй хүүхэд алга боллоо гэх дуудлага ирдэг байна. Тэдгээр хүүхдүүдийн хувьд эцэг эхийн хараа хяналт муугаас ихэвчлэн төөрсөн, сураггүй алга болсон байдаг аж.
Тухайлбал, “ойрхон дэлгүүр ороод ирэх юм чинь гайгүй биз” гэж бодон хараа хяналтгүй орой үдшийн цагаар гадагшаа гаргах, олон нийтийн газар хөтлөхгүй, анхаарахгүй явах зэргээс хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээний газар, автобусны буудал зэрэг газруудад төөрөх тохиолдол их байдаг байна.
Мөн өсвөр насны буюу дунд, ахлах ангийн сурагчид эцэг эх, асран хамгаалагчтайгаа харилцаа таагүй үедээ хэлэлгүй анги, хамт олон, найз нөхдийн гэр, бусад газарт очиж хонох, найз нөхдийн ятгалга, буруу үлгэр дуурайлалд автан гэрээсээ дайжих зэргээс болон эрэн сурвалжлагддаг байна. Дээрх хүчин зүйлсээс гадна осол аваар, гэмт хэргийн зөрчилд өртөж хохирсон байх тохиолдлууд ч байхыг үгүйсгэхгүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас тайлбарлав.
Эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүд нь нийтэд зарлагдсан цагаас 1-4 цагийн дотор, зарим тохиолдолд 24-72 цагт олддог. Хэрэв олдохгүй бол сураггүй алга болсон гэх тодотголтой үлдэх аж. Одоогийн байдлаар нийт 29 хүүхэд ор сураггүй олдоогүй. Эдгээрийн дунд 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд сургуульдаа явахаар гэрээсэээ гараад ор сураггүй алга болсон Д.Сэржмядаг охин багтаж буй юм.
О.ЭНХЖИН