Украин улс Европын холбоонд яаралтай элсэх өргөдлөө өглөө
Украин улс Европын холбоонд тусгай журмын дагуу элсэх хүсэлтээ гаргажээ. Энэ тухай даваа гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ээлжит видео мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна.
“Энэ захидлаар Украин Европын холбооны гэрээний 2-р зүйлд заасан үнэт зүйлсийг хүндэтгэдэг Европын улсын хувьд, Европын холбооны гэрээний 49-р зүйлд заасны дагуу Европын холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргаж байна” гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Зеленський “Бид үүнийг 30 жил хүлээсэн. Тиймээс өнөөдөр би Европын холбоонд эслэх өргөдөлд гарын үсэг зурлаа. Өргөдөл маань Брюссель рүү явсан, хариу хүлээж байна. Цаг нь ирсэн” гэв.
Энэ асуудлаар Европын зөвлөлийн дарга Шарль Мишель, Евро комиссын дарга Урсула фон дер Лейен нар даваа гарагийн орой Парист Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нартай уулзахаар болсон байна.
Украин ЕХ-ны гишүүн болох эрхтэй гэж Зеленський өмнө нь мэдэгдэж байв. Харин Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Лейен “Европын холбоонд хэдхэн сарын дотор нэгдэх боломжгүй, гүн гүнзгий өөрчлөлтийн үйл явц шаардлагатай байдаг” гэж онцлон тэмдэглэжээ. Үүнтэй төстэй мэдэгдлийг Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок хийсэн байна. Тэрээр “Украин Европ хэмээх нэгэн айлын нэг хэсэг боловч ямар ч улс хэдхэн сарын дотор ЕХ-нд элсэж чаддаггүй” гэжээ.
“Польш улс Украиныг ЕХ-нд гишүүнээр элсэхийг дэмжиж байна. Нэр дэвшигчийн улсын статусыг нэн даруй олгож, гишүүнчлэлийн тухай яриа хэлэлцээрийг даруй эхлүүлэх ёстой.” гэв.
Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте “ЕХ болон Украины хоорондын харилцаа одоогийнхоос илүү эрчимтэй байж болох ч гишүүнчлэлийн асуудлыг өнөөдөр ярих боломжгүй” гэж хэлсэн байна.
Европын холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррел мөн ЕХ-ны удирдагчдын одоогийн мөрийн хөтөлбөрт Украиныг тус холбоонд элсүүлэх асуудал ороогүй тухай хэлэв.
Харин Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда өнгөрсөн долоо хоногт Украинд Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статусыг нэн даруй олгох санал гаргажээ. Тэрээр “Польш улс Украиныг ЕХ-нд гишүүнээр элсэхийг дэмжиж байна. Нэр дэвшигчийн улсын статусыг нэн даруй олгож, гишүүнчлэлийн тухай яриа хэлэлцээрийг даруй эхлүүлэх ёстой. Украин улс Европын холбооны сэргээн босголтын санд хамрагдах боломжтой байх ёстой” гэжээ.
Эх сурвалж: ВВС
А.НОМИН