Д.Сумъяабазар: Түгжрэл бууруулахын тулд он хуучин, буруу талдаа жолоодлоготой машинуудыг хязгаарлана

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хийх ажлуудаа танилцууллаа. Тэрээр “Анхнаасаа зөв тооцоогүй төлөвлөлт нийслэлийн зам харилцаа, зорчих урсгалыг хавханд оруулчихлаа. Гурав, дөрвөн том хавханд нийслэлчүүд бид байна. Нийслэлд бүртгэлтэй 650 мянган машин бүгд хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно. Тэг зогсолт болно. Шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон.

Нэгдүгээрт, насжилт өндөртэй, он хуучин, осолд орсон, буруу талдаа жолоодлоготой тээврийн хэрэгслүүдийн импортыг хязгаарлана. Төмрийн хог руу ачихад бэлэн болсон машинуудыг манайхан засаад эх орондоо зардаг. Үүнийг хориглоно. Ирэх оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу гэдгийг судалж байна. Энэ хооронд шийдвэр гарна. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ энэ.

Гэхдээ ороод ирчихсэн машинуудад 2025-2026 он хүртэл хугацаа өгнө. Хөдөө ийм хязгаар хориг байхгүй.

Зөвхөн нийслэлд нэг жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тэдгээрийн дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй, эвдэрхий, өмнө нь осолд орсон, үйлдвэрлэхээ больсон машинууд байгааг судалгаагаар ч тогтоосон.

Их Тойруу буюу хотын төв рүү орох автомашинууд өндөр төлбөр төлнө, төлөхгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ. Цаашлаад зогсоолуудыг тодорхой болгоно. Төлбөрийн орчин үеийн систем нэвтрүүлнэ. Хөдөлгөөний нягтралаас шалтгаалаад тойрог бүрийн төлбөр янз бүр байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *