И.Нямдорж: Цэнхэр үст Цэрэнгийн хүүхэд гээд ХЭН Ч НАМАЙГ АЖИЛД АВДАГГҮЙ

“Хүүхэд төрсөн цагаасаа эцэг эх, амьдралын орчноосоо аз жаргал, эсвэл уйтгар гунигийг мэдэрдэг. Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй шүү дээ”…хэмээн ярих залууг И.Нямдорж гэдэг. Түүнийг “Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгорын хүү гэдгээр нь олон нийт мэдэх болсон. Тэр өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар илэн далангуй ярилцлаа.

-Нүүр номондоо туулсан амьдралынхаа талаар пост оруулсныг тань уншаад ярилцах хүсэлт тавьсан юм. Яагаад ийм алхам хийсэн юм бэ?

-Манай гэр бүл 2016 оноос эхлэн сошиалын маш их дарамт амссан. Хэдхэн өдрийн өмнө миний ээж Цэрэн фэйсбүүк хуудастаа Дэлгэрмөрөн, Ананда хоёрын тухай бичихдээ миний охидуудын ээж Байгалмааг дунд нь оруулж, харлуулсан байсан. Энэ үйлдэл үнэхээр миний тэвчээрийн хязгаарыг давлаа. Би удаан чимээгүй явсан. Монголчууд эцэг эхээ бурхан мэт хүндэлж, хайрлах ёстой гэдэг нийтлэг хандлагатай учраас хэл аманд орж, олонд чичлүүлэхээс айсан.

Олгой хагаравч тогоон дотроо гэдэгчлэн хувийн амьдралаа дэлгэх нь ичгэвтэр. Гэтэл үнэнийг хэлэхгүй бол худал хуурмаг мэдээлэлд л итгээд явчихаж байна. Энэ бүхнийг таслан зогсоох хэрэгтэй гэж шийдээд миний амьдралд ямар хэмжээний дарамт, айдас, хүчирхийлэл байсныг товчлон бичсэн юм. 12 жилийн түүхийг цомхон бичих хэцүү юм байна. Хүчирхийлэл гэхээр нөхөр нь эхнэрээ зодох асуудал биш.

Хүчирхийлэл олон хэлбэртэй. Надад тохиолдсон хүчирхийлэл эртнээс эхэлсэн. 16 настай байхдаа орчуулга хийж байгаад “жолоочийн талд орлоо” гэх шалтгаанаар хойд аавдаа 4 цаг байцаагдаж хөл рүүгээ өшиглүүлж, нүүр рүүгээ нулимуулаад гарч байлаа. Энэ үйл явдал надад хүндээр туссан. Хэнд хандахаа мэдэхгүй, яахаа мэдэхгүй байсан.

Эцэст нь Шинэ Зеланд руу 3 сар зугтсан. PC тоглоомын газар хоноглож, хэдэн долоо хоногоор гэрээсээ зугтах тохиолдол ч олон байсан. Гэсэн ч хандах хүн, очих газар байхгүй болохоор буцаад л гэртээ очдог л байлаа.

-Та фэйсбүүктээ гэмтэл авсан зургаа нийтэлсэн байсан. Тэр хэзээ болсон үйл явдал вэ?

-2014 оны сүүлээр байх. Асуудал хурцадсан үеийн зураг. Намайг хойд эцэг маань гар утсаараа цохиж, толгойн ар хэсэг хагарсан. Энэ бол биед минь халдсаныг батлах нэг баримт. Өөр баримтууд ч бий.

-Таныг гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа таслаад өөр өөрсдийн замаар амьдрахаар шийдсэн гэж ярьж байсан. Тусдаа амьдраад нөхцөл байдал дээрдсэнгүй юу?

-Төрсөн ээж, хойд эцэг хоёроос 2014 оны сүүлээр холбоогоо тасалж байсан. Миний эхнэр бид хоёр байнгын хүчирхийлэлд байсан гэдгээ тусдаа амьдраад л ойлгосон гэх үү дээ. Тусдаа амьдарсан эхний үед утас дуугарахад, юм унахад хоёулаа цочно. Ер нь түгшүүртэй байсан. Тухайн үедээ хүчирхийлэлд байснаа ойлгоогүй ч холдож чадсандаа баярладаг. Одоо ч сэтгэлийн гүндээ айдастай явдаг.

-Таныг ингээд ярихааар ээжийн тань зүгээс тайлбар, сөрөг мессеж ирэх нь мэдээж. Та ээжийнхээ өмнө буруутай гэж боддог уу?

-Аливаа зүйл хоёр талтай. Мэдээж надад алдаа дутагдал бий. Гэхдээ энэ хэмжээнд хүртэл дарамт үзүүлэх буруу зүйл хийсэн үү. Харин миний сонгосон ханьд ямар ч буруу байхгүй. Байгалаа нэг ч удаа ээжээс маань түрүүлж унтаж, оройтож босч үзээгүй. Маш их ажиллаж, эмээг, талийгаач дүүг маань асардаг байсан.

-Та ээжийнхээ фэйсбүүк рүү нэвтэрч, хувийн мэдээллийг нь авсан, хаягийг нь бусдад шилжүүлсэн асуудлаар шалгуулж, хариуцлага хүлээсэн шүү дээ. Яагаад ийм үйлдэл хийсэн юм бэ?

-Анх ээжийн сошиал хаягуудыг би өөрөө нээж өгч байсан юм. Нууц үгийг нь анхнаасаа мэддэг байсан. 2019 онд Байгалиа бид хоёрын эсрэг сошиал дайралт, гүтгэлэг ирэхэд би хамгийн хурдан таслан зогсоож чадах зүйл өөрийнх нь фэйсбүүкт нэвтэрч, нэр, нууц үгийг нь солих байсан. Цагдаад ч би энэ үйлдлийг хийсэн гэдгээ шударгаар хэлсэн. Шүүхээр хэргийг шийдвэрлэх үед яагаад ийм үйлдэл хийснээ тайлбарласан. Шүүх миний нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр харгалзан үзэж шийдвэрлэсэн гэж боддог.

Намайг буруутгасан зүйлчлэл нь 2-5 жилийн хорих ялтай юм билээ. Гэхдээ шүүх цаадах учир шалтгааныг бас харж үзсэн байх. Нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Энэ ялаа эдлээд дууссан. Хүний хувийн орон зай руу нэвтэрсэн үү нэвтэрсэн, буруутай юу буруутай. Гэхдээ тэр хүний зүгээс миний эсрэг, манай эхнэрийн эсрэг хийсэн муу зүйл их бий.

Фэйсбүүкт нь нэвтрээд бид хоёрын тухай хүмүүст юу гэж ярьж, ямар буруу ойлголт төрүүлдэг байсныг олж мэдсэн. 2018 онд Байгалаа руу чиглэсэн хар PR-ийн ард манай ээж байсан юм билээ. Бүгд баримттайгаа бий.

-Таны зүгээс хуулийн байгууллагад гомдол гаргасан зүйл байгаа юу?

-Одоогоор байхгүй. 2016, 2017 онуудад бол гомдол гаргасан ч “манай байгууллага үүнийг хариуцахгүй” гэдэг л хариу авдаг байсан. Одоо бол хуулиа судалж, аль байгууллагад нь ямар гомдол гаргахаа тооцоолж, баримт үндэслэлээ бүрдүүлж байж өгнө.

ЦЭРЭНГИЙН ХҮҮХЭД ГЭЭД ХЭН Ч НАМАЙГ АЖИЛД АВДАГГҮЙ

-Бидний ярилцлагыг уншиж буй хүмүүс “төрүүлсэн ээжтэйгээ эвлэрээд, уучлаад, өөрсдийнхөөрөө амьдраач” гэх байх. Зүгээр л өнгөрсөн асуудлыг орхиод амьдарч болохгүй гэж үү?

-Би нэлээн дотогшоо хүн. Өнөөдрийг хүртэл чимээгүй явах гэж хичээж ирлээ. Байгалаатай амьдарч эхлэхээс өмнө, хойно асуудал олон гарсан ч чимээгүй байсан. 2014 онд тусдаа амьдрахаар явахдаа ч чимээгүй л байсан. Бүхнээс холдоод, холбоогоо ч таслаад өөрсдийнхөөрөө л амьдаръя гэдэг бол Байгалаа бид хоёрын мөрөөдөл байлаа. Гэвч ээжийн талаас ирэх сошиал дайралт тасраагүй. Дээрээс нь Цэрэнгийн хүүхэд учраас ажилд авах газар ч олдохгүй юм. /санаа алдав/

Сүүлийн 4-6 жил тогтсон ажил хийгээгүй. Ажилд орох гээд өдөрт 50 анкет бөглөж ч байлаа. Очоод уулзахаар цэнхэр үст Цэрэнгийн хүүхэд гээд татгалздаг. Цэрэн гэдэг хүнийг дэмждэг нь тэр хүний өмнө буруу зүйл хийсэн гэж эмээгээд авахгүй. Дэмждэггүй нь хэл амнаас айдаг байх, ажилд авдаггүй. Аль болох чимээгүй явахыг хичээгээд байхад санаснаар болохгүй байна.

Ээжийн дэмжигчид, найз нараас “Ийм байж болохгүй” гэх зэргээр буруутгасан, загнаж зандарсан чат ирдэг. Бүр хоёр охиныг маань заналхийлсэн чат ч ирж байлаа. Худал хуурмаг мэдээлэл сошиалаар дүүрэн байхад үнэнийг хэлж болдоггүй. Үнэнийг хэлэхээр буруутан болчих гээд байдаг. Ийм байж болохгүй биз дээ. Одоо үнэнийг хэлэх, олон нийт ч мэдэх цаг нь болсон. Бүрэн бүтэн байсан гэр бүл минь сарнилаа.Охид минь аавыгаа үгүйлж, санаж бэтгэрч өсч байна.

-Байгалмаа та хоёр хэзээнээс тусдаа амьдарч байна вэ?

-Бидний харилцаа 2016 оноос хүндэрч эхэлсэн. Ингэж явсаар 2018 оны сошиал дайралт, хар PR, гүтгэлгээс хойш тусдаа амьдарч байна. Бидний дунд хоёр хөөрхөн охин маань байгаа учир Байгалааг би одоо ч дэмждэг. Миний цорын ганц сайн найз маань Байгалаа. Тогтсон ажил ч олдохгүй, халтуур хийдэг надад охидоо өсгөх эрх байхгүй. Охид маань ээжтэйгээ байх нь зөв. Байгалаа бид хоёр асуудлаа ярихдаа аль болох охидоосоо нуухыг хичээдэг. Гэхдээ хүүхэд ухаантай учир юу болоод байгааг мэдэж л байгаа байх. Хүүхдүүдийнхээ эрхийг зөрчиж байгаагаа мэддэг.

-Охидтойгоо уулзаж чадаж байна уу?

-Байгалаа бид хоёр “Бидний сонголтоос болж хүүхдүүд хохирох ёсгүй” гэдэг дээр санал нийлдэг. Тиймээс хүүхдүүдтэйгээ боломж олдвол уулздаг. Сүүлд 2020 оны сүүлээр охидуудаа дагуулаад ээж, аавынхаа гэрт очиж 4 цаг болоод гарсан .
Ядаж миний гэмгүй охидыг бодоод эхийг нь тайван байлгах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэгсэнгүй, хөндлөнгийн хоёр хүний тухай бичихдээ хүртэл харлуулж байна. Үүнд л би эмзэглээд байгаа юм.

-Амьдралаа дахин шинээр эхлүүлэх бодол бий юу?

-Надад тэгэж хэлэх эрх байхгүй. Миний хийсэн алдаа ч бий. Бид 2 тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн ч хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. Гэрлэлтээ цуцлуулсан тэр цагт бидний харилцаа бүрмөсөн төгсгөл болох юм шиг санагдаж, айдаг.

АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙСАН Ч БҮТЭЛГҮЙТСЭН

-Гэхдээ та энэ бүхнийг даван туулах нь чухал шүү дээ?

– Сэтгэлзүйн дарамтаас болж Байгалаа ч би ч сэтгэцийн хүнд байдалд орж байсан. Хүүхэд байхдаа цонхны тавцан дээр гарч зогсоод үсрэе гэж бодсон удаа бий. Гэхдээ үсрээд бүрмөсөн явахгүй, эмнэлгийн орон дээр тарчлах вий гэдгээс айгаад больж байсан. 2018 оны хар PR хэдийгээр Байгалаа руу чиглэж байсан ч надад түүнээс дутахгүй хүндээр туссан. Хүмүүс асуудлыг өнгөцхөн дүгнэдэг. “Сэтгэлийн хаттай бай, босоод гүй, ажил олж хий” гээд л.

Гурав, дөрвөн  жилийн турш ажил хайгаад олохгүй байх, гэр бүлээсээ салах, амьдрал жил жилээр доройтох ямар хүнд гэж санана. Энэ мэт хүнд өдрүүд үргэлжлэх үед өөртөө гутарч, гомдож, амьдрах хүсэлгүй болох, амиа хорлочихоё гэх бодол төрж байсан. Хоёр ч удаа оролдлого хийгээд бүтэлгүйтсэн.

ЯАГААД ИЙМ ХҮНИЙ ҮР БОЛЖ ТӨРӨВ ДӨӨ ГЭЖ БОДОХ ҮЕ БИЙ

-Хүүхэд насандаа сэтгэлийн шарх авсан хүмүүс хожим эцэг эхдээ гомдож, буруутгадаг юм шиг санагддаг. Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй шүү дээ. Та ээжийнхээ сонголтод гомддог уу?

– Хүүхэд төрсөн цагаасаа эцэг эх, амьдралын орчноосоо аз жаргал, эсвэл уйтгар гунигийг мэдэрдэг. Энэ талаас нь авч үзвэл би ээжийгээ буруутгадаг. Нөгөө талаас би азтай гэмээр. Гадаадад амьдарч, хэл сурсан. Гэхдээ сургуулиа төгсч чадалгүй 2005 онд Монголдоо ирсэн. Монголд сургуульд сураагүй. Надад Монголд найз гэх хүн байхгүй.

Үлгэр дуурайлал, урам авах хүн ч байгаагүй. Яагаад ийм хүний үр болоод төрчихөв дөө гэж бодох үе бий. Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй шүү дээ. Өнөөдөр ээж, Байгалаа, бидний дунд болсон асуудал дуусна. Харин энэ бүхэн миний хоёр охинд сэтгэлийн шарх бүү үлдээгээсэй гэж л залбирдаг, санаа зовдог.

Хэтэрхий аймхай, зориггүй, дуугүй амьдарсандаа өөрийгөө буруутгадаг. Жаахан зоригтой байсан бол амьдрал өөр байх байсан. Монголд ирээд 14 наснаасаа гэр бүлийнхээ кафед ажиллаж, мөнгөө цуглуулж эхэлсэн. Гэвч гэрээсээ дайжих, хүчирхийлэл дарамтаас зугтахад зарцуулаад Байгалаатай танилцах үед мөнгөө үрээд дуусчихсан байсан.

-Одоо юу хийж амьдарч байна вэ?

-Компютер засах, компанийн программд гарсан алдааг засах, онлайнаар фотошопоор юм засах гээд халтуур олдох л юм бол хийдэг. Монголын боловсролоор бол би бүрэн дунд боловсрол ч үгүй. Эзэмшсэн мэргэжил, дипломгүй хүн. Өөрийнхөө сонирхлоор компютертой холбоотой мэдлэгийг олж авсан. Түүгээрээ амьдарч л явна.

НИЙГМЭЭС ИРЭХ ДАРАМТААС АЙЖ ӨӨРИЙГӨӨ УЛАМ  ГҮН ХАРАНХУЙ РУУ ТҮЛХДЭГ БАЙСАН

-Та энэ бүхнийг юуны төлөө хийж байгаа юм бэ?

-Надтай холбоотой асуудал хүүхэд наснаас хуримтлагдаж явсаар энэ хүрсэн. Байгалаатай холбоотой асуудал биднийг хамт амьдарсан үеэс хойш 12 жил үргэлжилж ийм хэмжээнд хүрсэн. Одоо ингээд ил гараад ярьж байгаа нь нэгдүгээрт өөрийнхөө төлөө. Хожимдсон ч гэсэн үнэнийг хэлж санаагаа амраамаар байсан юм.

Фэйсбүүктээ өөрийнхөө амьдралын гунигтай түүхийг бичсэний дараа сэтгэл онгойж, тайвширсан. Хоёрдугаарт би Байгалаад өртэй. 12 жилийн өмнө надад итгэж, миний гарыг атгаснаараа энэ бүх доромжлол, гүтгэлэг, дайралтыг ганцаараа амсах ёсгүй.

Бас надтай адил хүчирхийлэлд автаж, нийгмээс ирэх дарамтаас айж чимээгүй нуугдаж, өөрийгөө улам гүн харанхуй руу түлхдэг хүмүүс бий байх. Тэдэнд айдасаа давж, үнэнийг хэлэх нь зөв юм шүү гэдгийг хэлэхийг хүссэн.

ВИДЕО ҮЗЭХ:

И.Нямдорж: Цэнхэр үст Цэрэнгийн хүүхэд гээд ХЭН Ч НАМАЙГ АЖИЛД АВДАГГҮЙ

И.Нямдорж: Цэнхэр үст Цэрэнгийн хүүхэд гээд ХЭН Ч НАМАЙГ АЖИЛД АВДАГГҮЙ

Posted by Ivoice.mn on Saturday, March 6, 2021

-Ярилцсанд баярлалаа.

С.ОТГОНСҮРЭН

Similar Posts

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *