МУИС-ын оюутнууд ёс зүйгүй үйлдэл гаргасан Б.Ариунзаяаг сургуулиас хөөлгөхөөр гарын үсэг цуглуулж эхэлжээ
МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр TOM TOMS кофе шопод бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргасан.
Гэвч эл үйлдэлдээ гэмшихгүй цахим хуудаст инстаграмм дагагчийнх нь тоо нэмэгдэж буйд баярлаж, бүжиглэж буй бичлэгээ нийтэлсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Улмаар хуульчаар бэлтгэгдэн сурч буй оюутан ёсзүйн доголдолтой байна гэж иргэд бухимдан МУИС-ийн захиргааг Б.Ариунзаяаг сургуулиас хөөнө үү хэмээн шаардаж байна.
Мөн МУИС-ын оюутнууд түүнийг хөөлгөхөөр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Энэ тухайгаа “МУИС бол 22 мянга гаруй оюутан, 1191 багш, ажилчинтай Монгол Улсын эрдэм оюуны төв билээ. Түүний дотор Хууль зүйн салбар сургууль бол орчин үеийн хуульчдыг бэлтгэсэн бахархалт оюуны төв, олон улс болон дотоодод бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага юм.
Тус сургуулийн хананд ч нэрт хуульч Б.Чимэд агсны хэлсэн “Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой” хэмээх эрхэм үг сийлээстэй байдаг. Харин тус сургуулийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж буй оюунтан хийгээд багш ажилчдын нэр төр, үнэт зүйлийг бусдын толгой дээр халуун кофе асгасан нэгэн оюутны зүй бус үйлдэл үгүй хийж байгаа нь харамсалтай. Иймд сургуулийн дүрмийн 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус оюутныг сургуулиас хасах арга хэмжээ авч өгнө үү” хэмээжээ.
Одоогийн байдлаар 1800 гаруй оюутан гарын үсгээ зураад байна.