Оросын тэрбумтан Абрамович “Челси” клубээ зарж, мөнгийг нь Украинд хандивлахаар шийджээ
Оросын тэрбумтан Роман Абрамович өөрийн эзэмшлийн хөл бөмбөгийн “Челси” клубээ зарж, мөнгийг нь Украины дайнд хохирсон хүмүүст зориулахаар шийджээ.
Абрамович мэдэгдэлдээ “Сүүлийн үед миний эзэмшдэг “Челси” клубын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлд тайлбар өгөхийг хүсэж байна. Өмнө нь хэлсэнчлэн клубийнхээ эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж ирсэн. Тиймээс одоогийн нөхцөл байдалд ч энэ нь багийн эрх ашгийн төлөө гэж бодож байгаа тул клубээ зарахаар шийдлээ” гэжээ. Клубээ зараад олсон орлогын цэвэр ашгаа Украины дайны үеэр хохирсон хүмүүст туслах сайн үйлсийн санд хандивлана гэж тэрээр мэдэгдсэн байна.
Хоёрдугаар сарын 24-ний өдөр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Оросын банкууд болон албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авах тухай мэдэгдсэн. Мөн олон зуун хүн болон компаниудын активуудыг царцаахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр Их Британи хориг тавихаа мэдэгдсэнээс хойш Абрамович өөрийн активуудыг зарж эхлээд байгаа талаар мэдээлжээ.
Абрамович хөл бөмбөгийн “Челси” клубыг 2003 онд 140 сая фунтээр худалдан авч 1.5 тэрбум фунтын хөрөнгө оруулсан байна. Энэ хугацаанд Челси Английн дөрвөн удаагийн аварга, Аваргуудын лиг болон Европын лигийн тэмцээнүүдэд хошой аварга болж, Лигийн цомыг гурван удаа, Английн Супер цомыг хоёр удаа авсан байна.
Эх сурвалж: ВВС