|

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ: Их үйлсийн эзэн

Ховор  эрдэнийг  баяжуулах  нүсэр ажлын сүүлчийн дамжлага буюу зэс молибдены баяжмалыг усгүйжүүлэн  хатааж, экспортод ачих хариуцлагатай алба хашигч хамт олны нэгэн төлөөллийн тухай энд өгүүлнэ.  Шанагатай гүүрэн  кранаар  агуулахаас бэлэн болсон  баяжмалыг  конвейр руу зөөж,  экспортын ачилтад чанартай баяжмал нийлүүлэх нь эдний ажлын нэг томоохон хэсэг. Энэхүү 10 тоннын даацтай  краныг  жолоодогч Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Зоригтын Одонхүүг онцлоё.

Том алаг нүдээрээ нүүр дүүрэн инээмсэглэсэн, аядуу хөдөлгөөнтэй, намуухан яриатай энэ бүсгүй эрчүүдтэй мөр зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрийнхээ эцсийн бүтээгдэхүүнийг 29 дэх жилдээ ачилцаж яваа нь  бахархмаар. Тэртээ 1992 онд дунд сургуулиа боломжийн дүнтэй дүүргэсэн З.Одонхүү сэтгүүлч болох мөрөөдөл тээж, элсэлтийн шалгалт өгсөн ч оноо дутчихаж. Есөн хүүхэдтэй айлын отгон охин болохоор ах эгч  нь  дээд сургуульд оруулъя гэцгээсэн ч, өөрөө л авч чадаагүй юм чинь сурахгүй ээ, би ажилчин болно гэж зөрүүдлээд Эрдэнэтэд ирсэн гэдэг. Технологийн сургуулийн дэргэдэх кранчийн гурван сарын курст суралцаж, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт мэргэжлээрээ орсноор түүний өнөөг хүрсэн  хөдөлмөрийн замнал  эхэлсэн аж. Тухайн үед түүний том ах хэсгийнх нь дарга байж. Яагаав, манай  үйлдвэрийнхэн өнөөг хүртэл бахархан дурсдаг Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч  захирал асан, Төрийн соёрхолт, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Ганбаатар. Ах нь түүнийг Ц.Дагвадорж багшид нь шавь оруулаад  “Ажлаа сайн хийгээрэй, халширч няцаж болохгүй шүү” гэж захижээ.  Үйлдвэрийн 15 жилийн ой тохиож, техник технологийн шинэчлэл өрнөж, хаа сайгүй л гагнуурын оч гялалзаж, хүмүүс бужигнаж, ажил буцалсан орчин. За би ч юунд л ороод ирчихэв дээ гэж сүрдэж, эргэлзмээр болж. Гэлээ ч махруу, тууштай  аав, ээжийн уламжлал, ахын сургааль, багшийн заавар түүнийг ажилдаа амархан дасч, шантрашгүй нэгэн болгожээ. З.Одонхүү болон  тэдний нөхдийн  ажлын байр  жирийн нэгэн  засварын үед ч юмуу  хаа нэгэн газар ажилладаг кранаас тэс өөр. Тэдэнд эх орон, Эрдэнэт үйлдвэрийнхээ  төлөө зогсох эрх үгүй. 12 цагийн туршид, цайны  завсарлагаас бусад бүх цагт баяжмалаа зөөнө. Краны кабин тийм ч таатай бус. Нүдэнд үл үзэгдэх баяжмалын тоосонцорт өртөнө, зундаа бөгчим, өвөлдөө хүйтэн, доргио дэржигнүүр, дуу чимээ ихтэй. Гэсэн ч тэр хамгаалах хэрэгслээ ном ёсоор хэрэглэж, аюулгүйн зааврыг чанд мөрдөнө. Таны ажил амаргүй харагдаж байна шүү, танд ямар байдаг вэ гэхэд, тийм л дээ. Тэгэхдээ л сайхан, би ажилдаа их дуртай, ээлжийн амралтаасаа хамт олноо, кранаа санасаар  ирнэ шүү дээ гэж хэлэхдээ нүд нь очтон гялалзав. Түүний тухай хэсгийн дарга Ц.Батболд: “Бид 30 шахам жил хамт ажиллаж байна. Манай З.Одонхүү  ажилд зүтгэлтэй, тууштай, махруу хүн дээ. Эзэмшсэн техниктээ ариг гамтай. Тэр краны  дуу чимээгээр нь   оношлох  туршлага,  мэдрэмжтэй. Иймээс олон ч краныг эвдрэлээс хамгаалсан даа. Аргагүй л ажлын төлөө төрчихсөн мэт сайхан  ахын  дүү дээ. Зан чанарын хувьд  төлөв даруухан,  хааяахан хэлсэн үг нь их жинтэй. Залууст үлгэр дуурайлал болсон манай шилдэг ажилчдын нэг” гэв.

Увс аймгийн Баруун туруун сум сангийн аж ахуйн тасаг,  фермийн даргын алба хашиж явсан Зоригт гуайнх нутагтаа бүтээлч, ажилсгаараа алдартай. Тэд эхэлсэн ажлаа хийсэн шиг хийж, ард нь гардаг хүмүүс аж. З.Одонхүү аав ээжийнхээ “Хөдөлмөр сайн хий, хүнтэй эвтэй бай” гэсэн сургаалийг нь мөрдөж яваа. Ажил, амьдралын замыг нь заасан, хангай шиг түшигтэй ахдаа үргэлж талархдаг. Таван эгч, гурван ахдаа одоо ч тэр эрх жаахан дүү нь хэвээрээ.

 

 

З.Одонхүү хамт олныхоо тухай “Би их азтай. Надтай аль ч цаг үед дандаа сайхан хүмүүс хамт ажилласан” гээд өөрийн амжилтаа тэднийхээ  хөдөлмөрийн  үр шим гэж даруухан өгүүлэв. “Манайхан ч ажлыг зогсолтгүй, “ дайралт”-аар л хийнэ шүү дээ. Орой ээлжинд гарлаа, нэг л  мэдэхэд өглөө болж, ажлынхаа ард гарчихаад, бүх зүйлээ цэвэрлэн,  хүлээлгэж өгөөд, сэтгэл хангалуун буух ч сайхан даа” гэв.  Тэр Аж үйлдвэрийн гавьяат агуу багшийнхаа их үйл хэрэг, хэрхэн өөриймсгөөр хамгийн энгийн зүйлээс эхлэн кранчийн эрдэмд сургасан тухай, ажаа хэмээн авгайлдаг Лхагвасүрэн эгчээсээ бүсгүй хүн гэр орноо сайхан авч явах зэрэг амьдралын нарийн ширийнийг сурснаа, үе үеийн хэсгийн дарга, мастерууд, мэргэжил нэгт нөхөд, нэр төрөө өндөр өргөж яваа алдартнуудтай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваагаа бахархан ярьсан юм. Мөн краных нь засвар үйлчилгээг хариуцдаг Өргөн тээвэрлэх машин механизмын албаны чадварлаг  ажилтнууддаа баярлаж явдгаа ч хэлсэн.

З.Одонхүү шилдэг ажилчин төдийгүй, эр нөхрийнхөө халамжит хань, үрсийнхээ хайр татам ээж. Шүүн хатаах хэсэг бол З.Одонхүүг  амьдралын ханьтай нь учруулсан буянтай, өгөөжтэй газар. Түүнийг ажилд ороход Булганы Тэшиг сумаас сар гаруйхны өмнө ирсэн Д.Баярсайхан хэмээх  нягт нямбай, ажилсаг буриад хөвгүүн зэс молибдены хатаагчаар ажиллаж байж. Үе тэнгийн хоёр  хамтдаа гүйсээр хайрлалцаж, ханилсан  гэдэг. 20-тойдоо анхны охиноо төрүүлж, дараа нь хүүтэй болсон. Одоо охин нь  МУИС-ийн Мэдээлэл технологийн газарт программист, хүү нь Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг. Хань нь 15 жил  хатаагчаар ажиллаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байдаг. З.Одонхүү хүүхдүүддээ, ер нь залууст үглэж биш, үлгэрлэж үзүүлэхийг хичээдэг. Охин нь  7-р ангид байж. Тэднийхэн цагаан сардаа бэлтгэж, дөрвүүлээ ажлаа хуваарилан авчээ. Охин ийш тийш үсчээд л юмаа хийхгүй л байгаад байж. Тэгэхээр нь мань хүн дуугүй л охиныхоо хуваарьт цэвэрлэгээг хийж эхэлсэн гэдэг. Охин нь одоо ч ээжээ, юу ч хэлэхгүй байх  том шийтгэл  шүү гэдэг аж.

 Ээлжинд 30 шахам жил ачаалал ихтэй ажилласан ч түүний зүс царай тунгалаг, үргэлжид жаргалтай  инээмсэглэл тодруулан явах. З.Одонхүү  үүнийг сэтгэл санаа тайван амгалан, хань ижил халамжтай, үр хүүхдүүд   сайн, сайхан яваатай холбоотой гэв. Мөн ажлаа чин сэтгэлээсээ дурлаж хийх, чанартай сайн  амрах ч эрч хүчтэй, гоё сайхан байхын үндэс  гэж нэмж хэлсэн. Чөлөөт цагаараа  хатгамал оёх дуртай, ханьтайгаа эх орныхоо байгалийн сайхнаар аялах хоббитой гэсэн.

Саяхан Эрдэнэт үйлдвэрт БНХАУ-ын Эрээн хотын хилийн хоригоос шалтгаалан хуримтлагдсан баяжмалыг боломжит талбайд байршуулах, улмаар экспортод ачих түүхэн гэмээр нөхцөл үүссэн.  Энэ үйлсэд  З.Одонхүү болон түүний мэргэжил нэгт нөхөд  том  ачаа “үүрч”, онцгой даалгаврыг нэр төртэй  биелүүлж явна. Эх орон, Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөх энэ хамт олны их үйлс үргэлжилсээр.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *