|

“Тавантолгой түлш” ХХК-д өнгөрсөн шөнө дахин гал гарчээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багт байрлах “Тавантолгой түлш” ХХК-ийн хатаалгын цехэд өчигдөр /2022.03.07/ шөнө гал гарчээ.

Тодруулбал, гал гарч байна гэх дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галыг бүрэн унтраажээ. Тус хатаалгын цехэд сайжруулсан түлш шатаж, иргэд унтраасан боловч нүүрсний хог уугиж байсныг онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. “Тавантолгой түлш” компаниас энэ талаар тодруулахад “Галын улмаас хохирол учраагүй, шалтгаан нөхцөлийг тодруулж байна” гэв.

Өмнө нь буюу энэ оны нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн нэгдүгээр цех, савлагааны цех тус тус галд өртсөн. Гал түймрийг таван ангийн 19 автомашин, 56 алба хаагч 3 цаг 40 минут ажиллаж, унтраасан юм. Тус гал түймэрт үйлдвэрийн ажилтан П 31 настай эрэгтэй нурууны хэсэг, хоёр гарын алганы хэсэг түлэгдэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Хэргийн газарт Нийслэлийн цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс үүсвэрлэн гал гарсныг мэдээлсэн билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *