“Шатсан байрны арматур шатаж, уяраагүй бол дахин ашиглах боломжтой”
Хан-Уул дүүргийн 21-р хороо Спорт цогцолборын хашаан дотор шинээр баригдаж байсан барилга шатаж, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, 7 автомашинтай гал түймрийн тархалтыг зогсоож тус барилгад барилгын ажил эрхэлж байсан ажиллаж эрхэлж байсан 12 иргэний амь насыг аварсан билээ.
Тэгвэл иргэдийн дунд тухайн барилгыг үргэлжлүүлээд ашиглах боломжтой эсэх талаар цахим сүлжээнд мэтгэлцээн үүсээд байгаа юм. Энэ талаар ОБЕГ–ын хяналтын хэлтсийн дарга Д.Баян-Эрдэнээс тодруулахад :
“Өчигдөр шатсан барилгын гаднах фасадыг хүчтэй шатдаг материалаар буюу иргэдийн сайн мэдэхээр шүршдэг хөөсөөр хийсэн учраас маш хурдан гал тархаж, гал унтраах боломжийг хязгаарлаж өгсөн. Энэ төрлийн шатдаг хөөсөнцрийг шалны дулаалгад ихэвчлэн ашигладаг. ОБЕГ–ын шинээр баригдаж буй барилгын материалыг аль болох шатдаггүй материал эсвэл шатдаг ч гэсэн тэсвэрлэн шатдаг материал ашигла гэсэн шаардлагыг тавьдаг.Цагдаагийн газраас гал гарсан шалтгааныг одоогоор шалгаж байгаа.
Хэрэв тухайн барилга ашиглалтад орсон бол эхлээд зураг төсөлтэй танилцана дараагаар нь Гамшиг судлалын газраас барилгын материалыг шалгаж үзээд зөвшөөрөл өгдөг. 2019 оноос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор барилгын материал хомстсоноос болж чанаргүй, шатамхай хөөсөөр барьсан барилга Улаанбаатар хотод цөөхөн хэд бий.
Шатсан барилгын хувьд нарийвчилсан шинжилгээ хийсний дараа дахин ашиглаж болох эсэхийг шийднэ. Тулгуур арматур, шаталтаас үүссэн дулаан барилгын бүтцэд хэрхэн нөлөөлсөн байна гэх мэт олон талыг барилгын инженерүүд хянаж шалгасны дараа мэргэжлийн хяналтаас дүгнэлт гаргана. Хэрэв шалгуурт нийцэхгүй бол нураахаас өөр аргагүй”