Цар тахлын хугацаанд баригдсан 600 орчим барилга шатах эрсдэлд байна
Хан-Уул дүүргийн 21-р хороо Спорт цогцолборын хашаан дотор шинээр баригдаж байсан барилга шатсан. Тухайн барилгыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэх талаар цахим сүлжээнд мэтгэлцээн үүсээд байгаа юм. Бид уг асуудлаар ОБЕГ–ын хяналтын хэлтсийн дарга Д.Баян-Эрдэнээс тодруулахад:
“Шатсан барилгын гаднах фасадыг хүчтэй шатдаг материалаар буюу иргэдийн сайн мэдэхээр шүршдэг хөөсөөр хийсэн учраас маш хурдан гал тархаж, гал унтраах боломжийг хязгаарлаж өгсөн. Энэ төрлийн шатдаг хөөсөнцрийг шалны дулаалгад ихэвчлэн ашигладаг. ОБЕГ–ын шинээр баригдаж буй барилгын материалыг аль болох шатдаггүй материал эсвэл шатдаг ч гэсэн тэсвэрлэн шатдаг материал ашигла гэсэн шаардлагыг тавьдаг. Цагдаагийн газраас гал гарсан шалтгааныг одоогоор шалгаж байгаа.
Хэрэв тухайн барилга ашиглалтад орсон бол эхлээд зураг төсөлтэй танилцана дараагаар нь Гамшиг судлалын газраас барилгын материалыг шалгаж үзээд зөвшөөрөл өгдөг. 2019 оноос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор барилгын материал хомстсоноос болж чанаргүй, шатамхай хөөсөөр барьсан барилга Улаанбаатар хотод цөөхөн хэд бий.
Шатсан барилгын хувьд нарийвчилсан шинжилгээ хийсний дараа дахин ашиглаж болох эсэхийг шийднэ. Тулгуур арматур, шаталтаас үүссэн дулаан барилгын бүтцэд хэрхэн нөлөөлсөн байна гэх мэт олон талыг барилгын инженерүүд хянаж шалгасны дараа мэргэжлийн хяналтаас дүгнэлт гаргана. Хэрэв шалгуурт нийцэхгүй бол нураахаас өөр аргагүй. Цар тахлын хугацаанд бараа материалын хомстолд орсноос тухайн үед баригдсан барилгууд стандартын бус шатамхай материал, хөөс ашиглах тохиолдлууд гарсан. Улсын хэмжээнд жилд дунджаар 200-300 барилга шинээр баригддаг. Тэгэхээр шатамхай барилгын материалаар баригдсан барилгын бусад аюулгүй байдлыг хангаж ажиллахад түлхүү анхаарч байгаа” гэв.
Тэгэхээр цар тахлаас шалтгаалсан хилийн хориг, бараа материалын хомстол барилгын чанар, аюулгүй байдалд нөлөөлсөн гэсэн үг. Жилд дунджаар 200 орчим барилга баригддаг гэхээр цар тахлын гурван жилийн хугацаанд 600 гаруй барилга шатамхай материалаар баригджээ. Иймд шинээр орон сууцанд орохдоо барилгын чанар, аюулгүй байдлыг сайтар нягталсны дараа орохгүй бол амиа насаа ч эрсдэлд оруулж буй хэрэг юм.