Л.Батгэрэл: Удирдах ажилтны амлалт илүү бодитой, мөн чанартаа хүрсэн
Тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нэн түрүүнд тавигддаг. Иймээс энэ чиглэлийн бодлого, үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, удирдлагын манлайлал, ажилтны оролцоонд тулгуурлан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахыг зорьж байна. Сүүлийн үед ХЭМАБ-ын чиглэлээр хэрэгжүүлж буй стандарт, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэлтэй ярилцлаа.
Сүүлийн үед удирдлагын манлайлал гэж их ярих болсон. Ингэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны хувьд удирдлагын манлайлал гэж юу вэ?
-Манайх ХАБЭА-н үйл ажиллагаандаа ISO 45000 стандарт хэрэгжүүлж эхэлснээр удирдах ажилтны манлайлалд маш чухал нөлөө үзүүлсэн. Манлайлал зөвхөн ажлын гутал, хувцасаа өмсөөд, ажилчидтайгаа найрсаг харилцахаас илүү өргөн хүрээтэй болсон гэх үү дээ. ХЭМАБ-ын чиг үүргийг цаасан дээр зөв зүйтэй манлайлж төлөвлөх, түүнийгээ хэрэгжүүлэхдээ уламжлалт хатуу арга барилтай манлайллын зөөлөн арга барилыг хослуулан хэрэгжүүлэх нь чухал. Ялангуяа мэдээлэл, харилцаа, шударга үнэлгээ, урамшуулал, идэвхжүүлэлт зэрэг дэмжих системүүдийг хэрэгжүүлэх. Үүний дараа хэрэгжилтээ хянахдаа зөвхөн хатуу арга барил хэрэглэдэг байсан бол одоо ISO 45000 стандарт нэвтэрснээр дотоод аудит, мөн зочноор оролцож зөөлөн хяналт хийх гэх мэтээр хяналтыг хатуу, зөөлөн уялдуулан хийж сайжруулах болсон. Өмнө нь бид зөвхөн аюулыг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлыг сайжруулалт гэж үздэг байсан бол одоо сэтгэлгээ, хандлага, арга барил, шинээр нэвтэрч буй арга техникүүдийг эзэмших, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналтын үйл ажиллагаануудаа сайжруулах асуудлыг бүхлээр нь авч үздэг болсон. Өөрөөр хэлбэл биет сайжруулалтаас гадна менежментийн чиглэлийн сайжруулалт хийгдэж байна.
-Шинэ ойлголтын хүрээнд ямар ажлууд хийгдэж байна?
-Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 24 газар, хэлтсийн ажилтнуудад ХЭМАБ-ын удирдлагын манлайллын үүрэг та нарт байдаг шүү гэдгийг ойлгуулах үүднээс газар, хэлтэс болгонд ХЭМАБ хариуцсан ажилтнуудтай болсон. Үйлдвэрийн хэмжээнд зургаан баг ажиллаж байгаа. Он гараад 24 газар, хэлтсийнхээ ХЭМАБ хариуцсан ажилтнуудыг эдгээр багтаа хуваарилж өглөө. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтцийн нэгжүүд л ХАБЭА-д гол анхаарал хандуулдаг байсан бол одоо ХАБЭА-д туслах, дэмжих үүргийг Ерөнхий захиргаа жинхэнэ утгаар нь бодитоор манлайлж хэрэгжүүлэх чиглэл рүү явж байна. Он гарсаар бид зургаан багийнхаа төлөвлөгөөг гаргаад ажиллаж байна.
-Үйлдвэрийн бүтцийн нэгжүүд ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг оны эхэнд батлуулан ажилладаг уу?
-Оны эхний хагас жилийн ХЭМАБ-ын жижиг аяны удирдамжуудаа цехүүд бүгд хийгээд эхэлсэн. Дарга нар ХЭМАБ-ын төлөвлөгөөгөө батлуулаад явж байна. ХЭМАБ-ын жижиг аян гэдэг дээрээс удирдамж өгдөг ажил биш. Тухайн бүтцийн нэгж дээр удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх, ажилтны оролцоог хангах чиглэлд ямар асуудал байгааг шийдэхийн төлөө өөрсдөө санаачилж хийдэг ажил юм. Харин урамшуулал, санхүүжилтыг нь нэгдсэн журмаар ХАБЭА-н хэлтсээс хангаж, арга зүйн талаас нь чиглэл өгдөг.
-Манлайллын гол арга хэрэгсэл болох удирдах ажилтны амлалт хөрсөн дээрээ хэр бодитой хэрэгждэг вэ?
-Хоёр жилийн өмнө эхэлж байхад хүмүүс ойлголт багатай, өөрийн чиг үүргийг биччихдэг байсан. 2022 оны эхний хагас жилийн амлалтаа цехүүд үндсэндээ өгчихлөө. Тэдний амлалтаас харахад маш бодитой, амлалт гэдэг мөн чанартаа хүрсэн байна. Амлалт гэдэг нэмэлт ажил биш. Томоор авч үзье л даа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал саяхан “Нэн түрүүнд ХАБ” бага хурал дээр ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн ханган нийлүүлэлт учир дутагдалтай байгааг эхний хагас жилд бүрэн шийдвэрлэнэ гэж амласан. Тэгээд Ерөнхий захирал тендер зохион байгуулалт, худалдан авах ажиллагаанд онцгой анхаарч, томоохон ажлууд хийж байх жишээтэй. Манай үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд ХАБ-ын зааварчилгааг яаж илүү чанартай болгохов, аюул эрсдэл бууруулах ажлыг хэрхэн зохион байгуулахав, богино хугацаанд хэрхэн илүү үр дүнд хүрэхэв, шинэ залуу үеэ хурдан яаж төлөвшүүлэхэв гэхчилэн урьдчилан сэргийлэх ажил дээрээ хугацаатай амлалт аваад ажиллаж байгаа.
-Үр дүнг нь хэрхэн дүгнэдэг вэ?
-Эрдэнэт үйлдвэр ХАБ-ын үйл ажиллагаагаа улирал болгон дүгнэдэг. Бид манлайллын хэмжилтийн аргачлал боловсруулсан. Анхан шатны удирдах ажилтны манлайллын хэмжилт цахим бүртгэлээр явагдаж байна. Үйлдвэрийн хэмжээнд ажиллаж байгаа мастерууд өдөр тутам ХЭМАБ-ын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлуудаа цахимд оруулдаг. Түүн дээр нь тулгуурлаад манлайллыг автоматаар хэмжээд явчихна. Ер нь бүтцийн нэгжүүдэд манлайллын хэмжилтийг гүйцэтгэлийн гол үзүүлэлт, ажлын үр дүнтэй нь уялдуулах чиглэл өгсөн. Улирлын үнэлгээ гарахад 16 үзүүлэлтийн нэг нь болоод явчихдаг гэсэн үг.
-Ижил төстэй уул, уурхайн компаниудтай харьцуулахад манай ХЭМАБ-ын үйл ажиллагаа ямар түвшинд явдаг вэ?
-Бид бусад үйлдвэрийн ХЭМАБ-ын үйл ажиллагааг өөрийнхтэйгээ байнга харьцуулж, сайн туршлагыг нь судалж хэрэгжүүлэх, өөрсдийн сайн туршлагаа түгээх ажлыг хийдэг. Эндээс харахад 2000 оноос хойш үүсэн байгуулагдсан Вагнер Ази, Оюутолгой гэх мэт шинэ залуу үйлдвэрүүдийн удирдах ажилтнууд дэлхийн хүний нөөцийн зах зээлээс томилогдсон, сонгогдсон менежерүүд байдаг. Тэд орчин үеийн ISO стандарт болон өөрийн үйлдвэрийн онцлогт тохируулан манлайллын хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг. Гэтэл социализмын үед байгуулагдсан үйлдвэрийн хувьд зөвхөн ажилтны оролцоог чухалчилдаг. Харин бид манлайллыг давхар хэрэгжүүлээд явчихсан. Тийм ч учраас энэ чиглэлийн туршлага судлахаар хүмүүс их ирдэг. Манай онцлог гэвэл Эрдэнэт үйлдвэрийнхэн удирдах, удирдуулах зарчимд суралцсан сайн талтай. Бүр үйлдвэрийн соёлын хэмжээнд төлөвшсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл манлайллын стандарт нэвтрүүлэх суурь байсан.
-ХАБЭА-н хэлтэс 2022 онд ямар зорилт дэвшүүлсэн бэ?
-ХАБЭА-н сургалтын виртуаль орчин бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааг цогцоор нь цахимжуулах, ажилтнуудын ажлын тусгай гутал, хувийн хамгаалах хэрэгслийн хүртээмжийг аутсорсинг үйлчилгээнд нэвтрүүлэх, цех хариуцсан эмч нарын ажлын чиг үүрэгт үйлдвэрийн газрын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл байдалд хяналт тавих чиг үүргийг тусгах, ХЭМАБ-ын манлайлалд Ерөнхий захиргааны ажилтнуудыг түлхүү оруулах зэрэг 10 гаруй зорилт дэвшүүлэн “Нэн түрүүнд ХАБ” бага хурлаараа тунхагласан. Түүнээс гадна манлайллын хэмжилтийг үнэлгээ урамшуулалтай нь холбож өгөх зорилттой байна. Удирдлагын манлайлал нэмэгдэхээр ажилчдын оролцоо дагаад сайжирдаг.
-Баярлалаа.
Г.ОЮУНТУЯА