Монголын хамгийн анхны эмэгтэй цагдаагийн хурандаа М.Хоролсүрэн: Ажлыг нугалах хүч эмэгтэйчүүдэд их бий

Цагдаагийн байгууллагын түүхийг бүтээж, халуун залуу насаа албандаа зориулж ажилласан туршлагатай  Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга асан, Монголын хамгийн анхны эмэгтэй цагдаагийн хурандаа М.Хоролсүрэнтэй ярилцлаа.

-Цагдаагийн албанд анх ажиллах болсон сайхан дурсамжаар яриагаа эхэлье.
-Би анх НАХЯ-ны нэр дээр Герман улсад их сургууль төгсөж ирээд 9 жил НАХЯ-нд гадаад харилцааны байцаагчаар ажилласан. 1990 онд НАХЯ татан буугдаж Цагдан сэргийлэх ерөнхий газар бие даан тусдаа гарч даргаар нь хошууч генерал Б.Пүрэв гуай томилогдож байсан юм. Энэ үед цагдаагийн байгууллагын гадаад харилцаа хариуцсан анхны байцаагчаар ахлах дэслэгч цолтой томилогдож, гадаад харилцааны тасаг, хэлтсийн даргаар ажиллаж, цагдаагийн хурандаа цол хүртэж улсад нийт 30 жил ажиллаад цэргийн тэтгэвэртээ гарсан даа.
Гадаад харилцаа хариуцсан байцаагчаар ажиллаж байх үедээ нэг хэсэг Интерполын үндэсний товчооны нарийн бичгээр давхар ажилласан. Цагдаагийн гадаад харилцаа өргөжин тэлэх тусам ажлын цар хүрээ өргөсөж 2004 онд манай гадаад харилцааны хэлтэс байгуулагдаж, даргаар нь томилогдон орон тоо нэмэгдэж хэд хэдэн байцаагчтай ажиллах болсон.

Дэлхийн цагдаагийн байгууллагуудын үндсэн чиг үүрэг ерөнхийдөө ижил төстэй байдаг шүү дээ. Манай цагдаагийн байгууллагын гадаад харилцааны хэлтэс цагдаагийн бие бүрэлдэхүүнээ сургах, гадаад орнуудын туршлагаас судлах, хоёр талын болон олон талд хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг хариуцаж ирсэн. 1990-ээд онд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүнд үед бусад улс орны дэвшилтэт арга барил, ажлын туршлагаас суралцах хэрэгцээ шаардлага гарч байсан. Бидний хувьд өмнө нь тулгарч байгаагүй аливаа нэгэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бусад орноос суралцах нь болзошгүй алдааг давтахгүй байх давуу талтай гэж үзсэнийх гэж хэлж болно.

-1990-ээд он шилжилтийн хүнд үе байсан. Цагдаагийн байгууллага үүнийг даван туулахад гадаад харилцааны хэлтэс ямар түүхэн чухал үүрэг гүйцэтгэж байсан бэ?
-Гэмт хэрэг бол нийгмийн хөгжлийн толь байдаг. Нийгэм зах зээлийн эдийн засагт шилжсэн, ядуурал ажилгүйдэл бий болсон хэцүү үе байсан даа. Энэ бүхэнд маш мэдрэмжтэй хандаж, цаг үеэ ойлгож, бусад улс орнуудын ижил төстэй байгууллагуудтай холбогдож, тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын тухай лавлах, цахим хуудас руу нь орж, цагдаагийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх шинэ техник, шалгарсан арга барилаас судлан хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэх гээд уйгагүй харилцдаг байлаа.
Жишээ нь тухайн улс орон авлига, банк санхүү, терроризм зэрэг асуудалд анхаарлаа илүү хандуулж туршлага хуримтуулсан бол сургалт авах хүсэлт тавьдаг байлаа. Цагдаагийн бие бүрэлдэхүүндээ шинэлэг мэдээлэл хүргэх, чадавхийг нь дээшлүүлэх зорилгоор манай хэлтэс сургалтанд нэлээд түлхүү анхаарч ажиллах болсон юм. Нэг талаас гадаад хэл мэдэх алба хаагч хомс, нөгөөтэйгүүр цөөхөн ганц хоёр алба хаагч гадаадад явуулснаас гадаадын мэргэжилтнүүдийг байгууллагадаа урьж, олон алба хаагчдыг хамруулан сургалт явуулах нь илүү үр дүнтэй байсан учраас олон улсын сургалтуудыг эх орондоо түлхүү зохион байгуулж байлаа. Энэ үйл ажиллагааны эхлэлийг тавьж одоо уламжлал болгон зохион байгуулж байгаад баяртай байдаг.

-Гадаад харилцааны хэлтсийнхээ үндэс суурийг тавьж, олон жил үр бүтээлтэй ажилласан талаар тань маш олон алба хаагч дурсаж, таныг хүндэлж явдаг болохыг би олонтаа сонсож байсан. Цагдаагийн албанд ажиллаж байсан манай нэр хүндтэй ахмадуудын нэг болохын хувьд одоо хөндлөнгөөс хараад хийж хэрэгжүүлмээр ямар шинэ санаа төрдөг вэ?
-Цагдаагийн алба бол хүн бүхний хийгээд байх ажил биш Энэ албанд сэтгэлтэй хүмүүс л зүтгэдэг. Цагдаагийн алба хаагч тушаал биелүүлдэг робот биш. Хувь хүн учраас өөрийгөө ямагт хөгжүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлж, чөлөөтэй сэтгэн, санаа бодлоо илэрхийлж шударга байж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Тэр хэмжээгээрээ бусадтай санаа бодлоо солилцон, өөрийнхөө бодол санааг түгээх боломжтой байдаг. Нөхцөл байдлаа сайн мэдэрч, зөв шийдвэр гаргана гэдэг нь цагдаагийн байгууллагын гол онцлог шүү дээ.
Жишээ нь, дүүргийн цагдаагийн хэлтэс байлаа гэхэд тухайн дүүргийнхээ нөхцөл байдлыг сайтар мэдэрч, ямар цаг үе, улирал, хүрээнд гэмт хэрэг үйлдэгдэж байна. Шалтгаан нөхцөл нь юу байна. Тэрэнд нь тохирсон арга хэмжээ нь юу байж болох вэ. Нутаг дэвсгэрийнхээ ямар байгууллагуудтай хамтран ажиллах вэ гэсэн цогц асуудал байдаг.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зөвхөн цагдаагийн байгууллагын ажил биш шүү дээ. Орчин тойрныхоо аюулгүй байдлыг хангана гэдэг бол тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, амьдарч байгаа иргэдийн үүрэг юм.

Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр бид Соросын сантай таван жилийн төсөл хэрэгжүүлж байсан. Энэ төслийн үр дүнд цагдаагийн ажил бол зөвхөн хэдэн бор цагдаагийн ажил биш. Хамтын хүчээр хийх ажил юм гэдэг хандлагыг бий болгох үндэс суурийг тавьсан гэж боддог. Асуудлыг дан ганцаар нь биш цогцоор нь авч үзэн, авах арга хэмжээгээ бүтээлчээр хэрэгжүүлж чадвал бодит үр дүн гарна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харвал огт шийдэгдэхгүй.
Тухайлбал, тэргэнцэртэй эмэгтэйг гарцаар гаргаж өгч байгаа замын цагдаагийн алба хаагчийн зураг цахим сүлжээнд тархаж маш их хандалт авч, иргэд олон сайхан эерэг сэтгэгдэлээ үлдээсэн байсан даа. Би авто замын хөдөлгөөнийг зохицуулагч гээд зогсоод байж болох л байсан байх. Энэ бол нийгэмд үзүүлж байгаа бидний нөлөөлөл юм.

Нэг үеэ бодвол цагдаагийн албыг муучилсан, гоочилсон хүн цөөрч, ард иргэдийн дунд цагдаагийн байгууллагын имиж дээшилсэн юм уу гэж хардаг.

-Цагдаагийн алба хаагчид гадаад хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх талаар учир дутагдалтай байдаг. Энэ чиглэлээр мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд таны хэлэх үнэтэй зөвлөгөө юу байх бол?
-Цагдаагийн албаны ажил цаг наргүй үнэхээр амаргүй л дээ. Сурч боловсрох боломж их хязгаарлагдмал. Би ажиллаж байхдаа хэд хэдэн удаа англи хэлний сургалт эхлүүлж үзэж байсан. Сургалтад бүтэн суух боломжгүй. Хэргийнхээ араас хөөцөлдөх ажил нь барагдахгүй дарга нь дуудаад л аваад явчихдаг.
Гэхдээ хувь хүн өөрөө их зүтгэл чармайлт гаргах хэрэгтэй. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлээд суръя мэдье, шинэ мэдээлэл авъя гэж бодож байвал зав чөлөө заавал гаргаж, гадаад хэл сурч өөрийнхөө хэрэгцээ болгох хэрэгтэй. Хуучин жолоочийн мэргэжил гэж байлаа. Одоо цагт бол хүн бүхний амьдралын нэгэн хэрэглээ болсон. Яг түүнтэй л адилхан юм. Гадаад хэлний мэдлэгтэй цагдаагийн алба хаагч хүний наймаа, эдийн засгийн гэмт хэрэг гээд өөрийнхөө ажил мэргэжлийн чиглэлээр дэлхий дахинд болж байгаа бүхнийг тэр дор нь мэдээд авчихна шүү дээ. Бүр сонирхсон чиглэлээрээ олон улсын байгууллагын гишүүн болох боломж нээгдэнэ.
Үүнээс гадна ажил дээр гараад хүмүүс битгий зэврээсэй гэж боддог. Хүн бол үргэлж хөгжин дэвшиж, ажил амьдралаасаа бас их урам, сэтгэлийн таашаал авч амьдрах ёстой юм шүү дээ. Өдөр тутам хийдэг ажлаасаа гадна өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлдээ цаг гаргах гээд л… Өдөр өнгөрөх тутам чиний энэ ертөнц дээр амьдрах цаг яваад л байна гэсэн үг.

Миний хувьд завгүй ажилласаар нэг мэдэхэд 30 жил өнгөрсөн байсан. Харин ажиллаж байхдаа бусдаас суралцаж, мэдэж, хөгжихийн төлөө байсан хүсэл эрмэлзэл маань одоо ч миний амьдралыг учир утгатай сайхан болгож байгаа юм л даа.

-Яг энэ сэдвийг хөндсөнтэй холбоотой ажлын ачааллыг сөрж, цаг ашиглах талаар өөрийн баримталдаг зарчим, туршлагаасаа хуваалцна уу?
-Цаг ашиглалт бол маш чухал. Үүнийг дагаад ажлын бүтээмж гардаг. Тухайн үед 9 цагаас ажил эхэлдэг байлаа. Би ажилдаа нэг цагийн өмнө ирчихдэг байсан. Гол төлөв суудаг ажил хийдэг болохоор нэг цаг иог хийнэ. Зарим үед өдөр хийнэ.
Гэтэл Германд бол 06.30-07.30 ажилдаа явдаг, үдээс хойш 15 цаг гээд чөлөөтэй болоод гэр бүл үр хүүхэд бас өөртөө цаг заваа зарцуулж эхэлдэг. Яг түүн шиг монголчууд маань тийм болоосой гэж би их хүсдэг байсан /инээв/.
Хэлний мэдлэгийн хувьд бол 23 дугаар сургуулийг унаган орос хэлтэй төгсөж байсан. Германд сурч байхдаа хоёр дахь хэлээ англи хэлийг сонгосон. Ийм хэлний суурь байсан болохоор бүхий л сувгаар мэдээлэл авах их амар байсан. Цагдаагийн байгууллагаас ийм ийм арга хэмжээ авч, ийм бодлого хэрэгжүүлэх гэж байна тиймээс тэр чиглэлээрээ юу юу хэрэгтэй байгааг хэлний мэдлэгийнхээ суурь дээр тулгуурлаад олж мэдээд, харилцаа холбоо тогтоочихдог байсан.

Манай цагдаагийн алба хаагч нар бол харьцангуй өндөр боловсролтой шүү дээ. Зарим улс оронд цагдаагийн алба хаагч нараас дээд боловсрол шаарддаггүй. Гадаадынхан ирээд нэг юмаа олон дахин хэлж тайлбарлахад манайхан чинь нэг юмаа яасан олон давтдаг юм бэ гээд их цааргалдаг. Сургалтын арга барил нь ч бас тийм юм даа.

Монголчууд юмыг гялс ойлгодог. Шинэ зүйлийг маш хурдан шүүрээд авдаг. Мэдээж том болсон хүний үзэл баримтлалыг өөрчилж, бага наснаасаа бий болчихсон ойлголтыг өөрчилнө гэдэг бол амаргүй.
Гадаадынхан бол нийгмээ эрүүл байлгая гэвэл хүүхэд ахуйгаас нь эхлээд л анхаардаг. Сургуулийн орчинд нь өсвөрийн сэргийлэгчдийн хэсгийг байгуулаад идэвх зүтгэлтэй хүүхдүүдийг нь татан оролцуулаад хүүхдэд хүүхдээр нь нөлөөлөл бий болгож хэвшүүлдэг арга барилууд байна.
Тэгэхээр бид урьдчилан сэргийлэх ажлыг хүүхэд байхаас нь хэвшүүлээд янз бүрийн арга барил хэрэглэхэд л үр дүн гарна. Амьдралд жижиг асуудал гэж байдаггүй. Хүүхдээ дагуулаад гарцгүй газраар машин сүлжээд зам хөндлөн гарч байгаа насанд хүрэгчдийг хараад би их эмзэглэдэг. Багаасаа хэвшсэн зүйлийг хүн насан туршдаа мартдаггүй.

-Удирдах ажилтны хувьд та ямар зарчим баримталж, алба хаагч нартайгаа хамтран ажилладаг байсан бэ?
-Хамт олноо зөв удирдан чиглүүлнэ гэдэг бол их чухал. Дарга хүн өөрөө хувь хүн. Алба хаагч нар ч хүн. Хүмүүсийн ажлын ур чадвар янз бүр байж болно. Зарим нь их сайн. Зарим нь жаахан сул байх алийг тэр гэхэв. Тэр хэмжээгээр хүнийг доромжлоод буруу харьцаад байх шаардлага байхгүй.
Би өөрийгөө алба хаагч нартаа тодорхой хугацаанд ажиллаад л тэтгэвэртээ гарна, та нар аливаа ажлыг сураад авах хэрэгтэй. Энэ зүйлийг ингэж хийдэг юм, бичиг баримтыг ингэж бүрдүүлнэ, хадгална, дараа дараачийн дарга нар ирэхэд асуудлаа ингэж танилцуулна гээд нэгд нэгэнгүй хэлж өгдөг байсан.
Байгууллагын ой санамж гэдэг зүйл байх ёстой. Би шинэ дарга томилогдон ирэх болгонд нэг бүтэн нүүр танилцуулга гаргаж өгдөг байсан. За энэ Канад улстай бид ийм харилцаатай байсан. Ийм ажлууд хамтран зохион байгуулж, тийм сургалт хийж, энэ хүмүүс ирж байсан. Манайх ийм асуудлыг ингэж дэвшүүлж тавиад ингэж шийдвэрлэсэн гээд ярих жишээний. Шинэ даргатай өмнө нь харилцаж байсан хүн ирээд уулзахад ийм хэмжээний мэдээлэлтэй байхад “Эд нар чинь бидний тусыг мартаагүй юм байна” гээд л их сайхан харилцаа үүсдэг л дээ. Уламжлалт харилцаанд би анхаардаг байсан.
Хүний амьдрал баян юм чинь янз бүрийн үйл явдал тохиолдоно. Тэр болгон дээр маш уян хатан байх хэрэгтэй. Яг л цэцэг услаж байгаа шиг тэр хүнийг урамшуулж байж ажил урагшилна. Буруу зүйл хийсэн бол бас дандаа толгойг нь илээд байхгүй. Тухайн үед нь хэлээд ойлгуулна. Би дарга гээд дарлаад, дарамтлаад байвал нөгөө цэцэг үхнэ шүү дээ. Услаад л дэмжээд, болохгүйг нь хэлээд залаад зөв арга барилыг төлөвшүүлэх ёстой доо.

-Эмэгтэй удирдагч байж, нас насны хүмүүстэй мөр зэрэгцэж ажиллахад ямар асуудал байдаг вэ. Хувь хүнээс ямар арга барил шаардагддаг юм бол. Энэ талаар таны туршлага ямар байсан бэ?
-Цэрэг, цагдаагийн байгууллагад эмэгтэй хүний хувьд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж ажиллана гэдэг бол амаргүй л дээ. Бусдаас илүү байж, илүү чадвартай мэдлэгтэй гэдгээ харуулж байж л ажиллана. Тиймээс хийж байгаа ажилдаа мэдрэмжтэй хандаж, бусдыгаа хэрэгтэй үедээ зөв мэдээллээр хангаж, өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ харуулж байж л гарч ирнэ.
Урсгалаар яваад болоод байдаг хүмүүс байдаг. Тэрнээс илүү хүчин чармайлттай эмэгтэй хүн тийм амархан гарч ирж чадахгүй. Тэр хэмжээнд өөрийгөө мэдрүүлж, үнэлүүлж, харуулах хэрэгтэй. Энэ бол их чухал санагддаг.

Чадвар, чадавхитай байж, өөрийнхөө байр суурийг хадгалж чаддаг, хийж байгаа зүйлээ сайн таниулж байх ёстой.
Намайг ажиллаж байхад нийт алба хаагчдын 14 хувь нь эмэгтэй алба хаагч байсан. Ажлыг нугалах хүч эмэгтэйчүүдэд их байдаг. Гадныхан Монгол Улсыг хүүхнүүд нь авч яваад байна уу гээд хошигнон хэлдэг. Үнэний талтай.

Ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа манай үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүд байна. Тэд нар үгүй бол тэр ажлыг хэн хийх юм бэ. Ямар ч албан тушаал байсан эмэгтэйчүүдийн үүрэг их байдаг. Чадалтай мэдлэгтэй, зоригтой өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцээд бид энэ албыг хашиж чадна гэдгээ л харуулах хэрэгтэй.
Дарга нэг үүрэг өгөхөөр бүтэхгүй болохоор нь даргаасаа айгаад хаячихдаг хүмүүс байдаг шүү дээ. Би энэ асуудлыг ийм болтол нь судаллаа. Та үүн дээр нь жаахан дэмжээд өгвөл би цааш нь ингэж үргэлжүүлэх боломж байна гээд л ярина л даа. Би таны өгсөн үүргийн дагуу ийм ийм алхмууд хийлээ. Ийм шатандаа байна гэх мэтээр эргэх холбоо үргэлж байх ёстой.
Би их азтай. 1990-ээд оноос хойших өөрчлөлт шинэчлэлийн түүхэн он жилүүдэд цагдаагийн байгууллагыг удирдаж явсан мундаг генералууд, хурандаа нар болон бусад бие бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаж байсан. Тэдний маань дэмжлэг их байсан. Аливаа дэвшилтэт, шинэлэг зүйлийг хүлээж авах чадвар өндөр байлаа. Ажлаа мэдэж, цаг үеэ мэдэрч, мэдлэгтэй боловсролтой, чадвартай байх юм бол асуудалгүй.

Биеэ зөв авч явах, шударга байж, нэрээ бүтэн авч явах хэрэгтэй. Эмэгтэйчүүд бол байгууллагын нүүр царай. Цэвэр сайхан эмэгтэйчүүдтэй хамт ажиллахад эрэгтэйчүүд нь бас их гаднах төрхөндөө анхаардаг. Бидний нөлөөлөл бас их. Харилцааны соёлтой, хүнлэг байх хэрэгтэй. Үүнийгээ мэдрүүлэх хэрэгтэй.


-Монголын цагдаагийн байгууллагын анхны эмэгтэй хурандаагийн хувьд албаараа бахархсан сэтгэлийн үгээ хэлнэ үү?
-2015 онд анхны эмэгтэй хурандаа цолыг хошууч генерал Д.Сандаг-Очир даргаас авч байлаа. Анх сургуульд энэ байгууллагынхаа нэр дээр суралцаж амьдралынхаа 30 жилийг зориулсан. Хүмүүс ийм сайхан олон хэлтэй байж яагаад ийм бага цалинтай цагдаад ажилладаг юм гээд л их асуудаг байсан. Би энэ байгууллагын нэр дээр боловсрол эзэмшсэн. Сэтгэл зүрхэндээ яагаад ч өөр байгууллагад, өндөр цалин хөөгөөд явна гэж бодож байгаагүй. Мөнгөндөө биш сэтгэлдээ энэ байгууллагад өртэй юм шиг санагддаг байсан. Энэ хэмжээний боловсрол эзэмшсэн маань цагдаагийн байгууллагын ач тус. Би ачийг нь хариулах ёстой.

Цагдаагийн анхны эмэгтэй хурандаа байна гэдэг нь манай хамт олны маань надад итгэсэн итгэл. Гэхдээ би бүх ажлыг ганцаараа хийгээгүй. Би багаар ажиллах дуртай. Хамт олноо сонсох дуртай. Хамтдаа ажилласан. Тийм учраас хамт олондоо маш их баярладаг. Багаар ажиллахыг бол би шалгарсан арга гэж боддог. Би ажлаа итгэл дүүрэн үлдээсэн. Одоо олон чадварлаг залуус ажлыг маань авч яваа гэж бодохоор сэтгэл амар байдаг. Үргэлж албаараа бахархдаг.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *