“Хөгжлийн банканд хийсэн Засгийн газрын шалгалтын дүнг нийтэд ил болгоно”
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2017 оны анхны зөрчлийн хууль гарсанаас хойш 5 жилийн хугацаанд бид сайтар боловсруулж, өөрчлөлт оруулсан. Бид Зөрчлийн хуулийг торгодог, шийтгэдэг хууль гэж ойлгодог. Харин энэхүү өөрчлөлтөөр төрийн шалган туслах чиг үүргийг тодорхой болгож байгаа.
Хоёрдугаарт, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн гол онцлог нь зөрчлийн хэргийг цахимаар хянан шалгах боломжтой болж байна. Энэ нь их цаг хугацаа, зардал хэмнэнэ гэж тооцоолж байна.
Түүнчлэн 2016 онд Хөгжлийн Банканд хийсэн Засгийн газрын шалгалтын дүнг нийтэд ил болгох асуудлыг хэлэлцсэн. 130 хуудас шалгалтын материал байгаа. Өнөөдөр энэ материалуудын талаар бүгдийн ярих цаг алга.
Тодорхой эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээл болгон гаргасан, ямар зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, зургаан жилийн хугацаанд өр төлбөр хэрхэн барагдсан зэрэг нэлээн дэлгэрэнгүй мэдээллийг ил болгож байна. Засгийн газрын тогтоол албажмагц энэхүү шалгалтын дүнг хууль зүйн яамнаас хэвлэж авах боломжтой.
Тухайн үед ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахын тулд алдаатай материалаар санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа ил байлгах шаардлагагүй гэж үзсэн учраас нууцад оруулсан байсан”